Мияконожо хотын даргатай уулзлаа

2017-05-23 19:16:14
Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудлыг хариуцсан орлогч Ж.Батбаясгалан Япон улсын Мияконожо хотын дарга Икэда Такахисагаар ахлуулсан төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Отгонсүрэн, Мияконожо хотоос ИТХ-ын дарга Минорү Арагами, Гадаад харилцааны газрын дарга Тацүми Моришигэ, Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэд дарга Кокэн Шимомори болон бусад албаныхан байлцав. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудлыг хариуцсан орлогч Ж.Батбаясгалан “Бидний урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирсэн та бүхэнд юуны өмнө талархал илэрхийлье. Улаанбаатар хот нь Япон улсын хотуудаас хамгийн анх Мияконожо хоттой 1999 онд найрамдалт харилцаа тогтоосон бөгөөд хоёр хотын харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжин бэхжиж байгаад баяртай байна. Мөн Монгол Улс, Япон улс хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ онд тохиож байгаа. Ойн хүрээнд соёл, урлагийн болон бусад арга хэмжээг зохион байгуулах болно” гэлээ. Мияконожо хотын дарга Икэда Такахиса “Биднийг хүлээн авч уулзсанд талархаж байна. Хоёр хотын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд сурагч солилцооны хөтөлбөрийг 2014 оноос амжилттай зохион байгуулж ирсэн. Хөтөлбөр цаашид амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгаа. Ирэх долоодугаар сарын 31-ээс наймдугаар сарын 7-ны хооронд манай хотын сурагчид, 60 хүртэлх насны 10 хүн Монгол Улсын түүх, соёл, уламжлалтай танилцах юм. Мөн “2020 Токио Олимп, Параолимпийн Наадам”-ыг угтаж Монгол, Японы чөлөөт бөхийн шилдэг тамирчдыг урьж нөхөрсөг уулзалт, семинарыг Мияконожо хотноо зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Та бүхнийг эдгээр асуудалд тусалж дэмжихийг хүсье” хэмээсэн юм. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Ирэх долоодугаар сарын сүүлчээр манай хотод ирэх Мияконожо хотын сурагчид болон энгийн иргэдийн талаар мэдээллийг авсан. Бид бүхэн Улаанбаатар хотноо байх хугацаанд Монгол Улсын түүх соёл, уламжлалтай танилцуулах олон сонирхолтой арга хэмжээг хөтөлбөрт тусгахаар ажиллаж байгаа. Мөн Монголын Чөлөөт бөхийн холбоотой хамтран ажиллаж байгаа тухай дуулсан. Энэ талд нийслэлээс дэжлэг үзүүлж ажиллах болно” гэв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.