Хотын удирдлагуудтай хамт алхах эрхийг хамгаалцгаая

2017-05-17 15:20:32

Нийслэл хотын иргэн бүрт зам хаагуур байна түүгээр алхах эрх бий. Гэсэн ч энэ эрхийг хааж, явган хүний зам, гарц таглаж хашаа хатгаж, байшин барьсан захиргаагүй гэмээр хувь хүн, албан байгууллагатай хариуцлага тооцсон жишиг хийгээд үр дүн өнөөдрийг хүртэл үгүй байлаа.

Ямар сайндаа л барилгын ажлын талбайгаар өнгөрөхдөө толгойгоо хамгаалах уу, машин замаар алхаж амь насаараа дэнчин тавих уу гэдэг хоёрхон сонголттой та бид учирч ирсэн гэхэд хилсдэхгүй. Эс бол хүрэх ёстой газраа очихын тулд хашаа, хайсыг тойрч, чамгүй их цаг хугацаа алдах нь ч бий. Тэгвэл яг энэ зах замбараагүй нөхцөл байдлыг засч, та бидний алхах эрх чөлөөг хамгаалахаар нийслэлийн удирдлагууд хатуу шийдвэр гаргаж, түүндээ эзэн болон ажиллаж эхэлсэн нь эхнээсээ үр дүнгээ өгөх боллоо. Тодруулбал, тавдугаар сарын 11-ний байдлаар явган хүний зам хаасан хаалт, хашаа, саадыг чөлөөлөх 129 байршлын судалгааг гаргаж, түүнийхээ 46 байршилд газар чөлөөлөх, орц нээх ажлыг хийж чадсан байна. Ингэснээр та бид 46 байршилд чөлөөтэй алхаж, авто замтай уралдан машин замаар бээвийж, бөөцийж алхахгүй боллоо гэсэн үг.

Тодруулбал, Баянгол дүүргийн “Таван-Эрдэнэ” захын урд хэсгийн явган хүний зам хааж барьсан хашааг буулгасан байгаа. Баянголчуудын хүнсний хэрэглээг хангадаг энэ захын урд талын замаар явахад яг үнэндээ явган хүн алхах битгий хэл өрөөсөн хөлөө ч тавих боломж олдох нь тунчиг ховор. Тэр дундаа автомашины замтай шууд тулсан, нарийхан зурвас байдаг учраас хүүхэд, хөгшид, ер нь хүн бүр автын осолд өртөх аюул их байсныг тус дүүргийн иргэд андахгүй биз. Дараагийн нэг онцлох бүс яах аргагүй Баянзүрх дүүргийн Американ дэнж хотхоны ар талын нийтийн эзэмшлийн зам талбай, авто замыг хааж байрлуулсан чингэлгүүдийг буулгаж, зам чөлөөлсөн шийдвэр.

Хот, хөдөө гэлтгүй “Гялс” төвд шинжилгээ өгөх гэж яаран сандран, өвчин зовлондоо шаналж яваа олны хувьд энэ хэсэг талбайд чөлөөтэй алхана гэдэг өвчин дээр өвчлөл нэммээр тийм л дүр зурагтай байсан. Иймд газар чөлөөлөх аянд нийслэлийн иргэн хүний хувьд Американ дэнж тойрсон газрыг чөлөөлсөнд талархаад баршгүй. Өвчиндөө шаналсан нэгнийгээ эргээд алхах, бүр эмнэлэг хүрэх ч эрх чөлөөгүй болтол нь автомашины гарааш буюу чингэлэгээ байрлуулна гэдэг бас л айхтар хатуу сэтгэл шүү.
 

За тэгээд Чингэлтэй дүүргийн Тавдугаар сургуулийн зүүн талын авто зам дагуу явган хүний замыг хааж барьсан шатыг буулгасан, Баянзүрх дүүргийн 72 дугаар хотхоны орчимд явган хүний за хааж барьсан хашааг буулгасан, Сүхбаатар дүүргийн 6-р хороо 27, 28-р байрны хажууд нийтийн эзэмшлийн талбайг хаасан хашаа хаалтыг чөлөөлсөн гээд эхнээс нь мэдээллээд байвал 46 байршлыг нэгд нэгэнгүй тоочих хэрэгтэй болно.

Гол нь, энэ бүхэн хуулийн хүрээнд хийгдэж байгаа гэдгээрээ онцлог. Тиймээс ч Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Явган хүний зам, орц гарц чөлөөлөх ажил 129-өөр тогтохгүй. Алхам тутамд явган хүний зам булаасан хашаа, хайс, барилгад тулж мөргөх нь халгүй болсон. Тэр бүгдийг сайтар судалж, нэмж, буулгах газар байвал яаралтай арга хэмжээ ав” хэмээн үүрэгдсний дагуу Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүгийн удирдсан ажлын хэсэг дээрх тоог 341 болгож нэмсэн байна лээ.

Мөн эдгээр газартаа албан бичиг хүргүүлж, яаралтай газар чөлөөлөхийг даалгасан. Үүний үр дүнд “ААНБ, иргэд ингэж эзэмшлийн талбайн хэмжээгээ дур мэдэн тэлж, хашаа хатгаснаар галын болон эмнэлгийн машин орох боломжгүй болж, иргэд, хүүхдүүд тусламж авч чадахгүйд хүрэх эрсдлийг бий болгосон эдгээр 341 байршлын нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлснөөр хот доторх хөдөлгөөний эрчим 20 гаруй хувиар нэмэгдэнэ гэж тооцоолж байна. Үүнээс гадна хамгийн гол нь иргэдийн аюулгүй байдлыг хангана” гэсэн мэдээллийг Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр хотын дарга С.Батболдод танилцуулсан.
 

Гэхдээ энэ ажлыг иргэд та бид зөвхөн хотын удирдлага, албан хаагчийн ажил гэж харалгүй, өөрсдөө ч дор бүрнээ идэвхтэй хамтран ажиллаж, нийслэлийн өнцөг буланд нуугдсан явган зам хаасан хашаа, хайс, барилга, орон сууц руу орох газрыг хаасан ирмэг тохойг ч хамаагүй Нийслэлийн захирагчийн алба руу мэдээллэж байхаа мартав аа. Учир нь, зөвхөн саяхны жишээ гэхэд “Шунхлай” группын явган хүний замын дунд босгосон сурталчилгааны шонг цахим ертөнцөд иргэд зургийг нь авч тавьж, албан бусаар шаардснаар буулгуулж чадсан.

Сүүлийн жишээ нь, ХААН банкны явган хүний зам таглаж, шат гарган орох үүд нээсэн зургийг сошиалд байршуулж, олон нийтийн шүүмжлэл өрнөснөөр тэд уг өргөтгөлөө буулгах ажлыг эхлүүлсэн байгаа. Иймд интернэт орчинг ашиглан өөрсдийнхөө алхах эрхийг хамгаалах том боломж та бидэнд бий гэсэн үг. Тэр дундаа, явган хүний замд байрлуулсан реклам, гэрлийн шонг жирийн иргэд харж, өөрийгөө хамгааллаа гэхэд харааны бэрхшээлтэй хүмүүсийн хувьд шууд очиж мөргөх, түүнээсээ үүдэн машин зам руу хальтирч амь насаараа ч хохирох гэмтэй. Тиймээс хорвоо ертөнцийн өнгийг харж чадахгүй, амьдрал нь цаг минутаар эрсдэлд ордог тэдний төлөө шонг шон гэлтгүй, хашааг хашаа гэлтгүй нэг бүрчлэн мэдээллэх үүргээ эдэлцгээе, иргэд ээ. Энэ нь эргээд та бидний алхах эрх, бүр цаашилбал автобус, таксины мөнгийг хэмнэх, автомашины ослыг бууруулах гээд Улаанбаатар хотын иргэн нэг бүрийн амь насыг хамгаалах шийдвэр учраас хамтдаа явган хүний зам, талбайг чөлөөлцгөөе, нийслэлчүүд ээ.

Та бид идэвх гаргахад шийдвэр гаргаад буулгуулах хотын удирдлага байна гэдэгт олзуурхаад шүү.