Дүүргүүдийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн дахин санал хураалтад туслалцаа, дэмжлэг үзүүлэх тухай

2012-11-28 00:00:00

   Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9 дэх заалт, 19 дүгээр зүйлийн 1 дэх заалт, 62 дугаар зүйлийн 1, 2 дахь заалт, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.5, 20.1.7 дахь заалт, Аймаг, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.18 дахь заалтыг үндэслэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

   Нэг.Нийслэлийн хэмжээнд 2012 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр явагдсан дүүргүүдийн ИТХ-ын сонгуулийн ирц бүрдээгүйн улмаас дүүргүүдийн сонгуулийн хорооны зарим хэсгийн санал хураалт хүчингүй болж, дахин санал хураалтыг ажлын өдөр буюу 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Баасан” гарагт зохион байгуулах болсонтой холбогдуулан сонгогчийн сонгох эрхийг хангах, дахин санал хураалтад дэмжлэг, туслалцаа үзүүлэх зорилгоор дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлсүгэй.

   1.1.Дүүргүүдийн ИТХ-ын дахин санал хураалт явагдах хорооны санал авах хэсэгт оршин суудаг, тодорхой ажил хөдөлмөр эрхэлж байгаа сонгогчдод 2012 оны  11 дүгээр сарын 30-ны ажлын өдрийн “Баасан” гарагийн 08.00-14.00 цаг хүртэл хугацаанд чөлөө олгохыг ажил олгогч холбогдох төрийн болон нийслэлийн төр, захиргааны байгууллага, олон нийт, хувийн хэвшлийн байгууллага, албан тушаалтанд даалгасугай.

   Ажил олгогч нь чөлөөг баталгаажуулахдаа сонгогчийн санал өгсөн тасалбарыг үндэслэл болговол зохино.

   1.2.Нийслэлийн зарим дүүргүүдийн дахин санал хураалт явагдах хорооны иргэд нь тухайн хороо, хэсэгт дахин санал хураалт явагдах эсэх талаар тодорхой мэдээлэл дутмаг байгааг харгалзан үзэж дахин санал хураалт явагдах хороо, хэсгийн дугаар, байр, цаг, дахин санал хураалт явагдах хэсэгт хамаарч буй орон сууц болон гэр хороолол, орон сууцны байр, гудамжны нэр, хаягийн мэдээллийг Нийслэлийн сонгогч иргэдэд хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр давтамжтайгаар шуурхай мэдээлэх, мөн дахин санал хураалт явагдах тухай мэдээллийг агуулсан хэвлэмэл хуудас бэлтгэх, дахин санал хураалт явагдах хэсэгт хамаарах гэр хороолол, орон сууцны байшингийн мэдээллийн самбар, хананд байрлуулах, хэвлэн тараах, мэдээлэл түгээх, сонгуульд идэвхтэй оролцохыг дэмжсэн арга хэмжээ зохион байгуулахыг НИТХ-ын Ажлын алба, Нийслэл, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

   Хоёр.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах, олон нийтэд мэдээлэл түгээх, холбогдох зардлыг гаргаж санхүүжүүлэхийг НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга буюу ажлын албаны дарга Б.Энхболдод үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ДАРГА Д.БАТТУЛГА

--oOo--