С.Батболд:Улаанбаатар хот Токиотой эгч дүү хотуудын харилцаа тогтоохыг эрмэлздэг

2017-04-20 11:36:00
ТОКИО. /Kyodo/. 2020 он гэхэд Токиотой эгч дүү хотуудын харилцаа тогтоож, аялал жуулчлал, соёл болон спортоор дамжуулан хоёр талын харилцааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа Монголын нийслэл Улаанбаатар хотын дарга илэрхийллээ.

Улаанбаатар хотын дарга С.Батболд гурван жилийн дараа зуны Олимп болон Паралимпыг зохион байгуулах гэж буй Японы нийслэл Токио хотын захирагч Юрико Койкэтой лхагва гарагт уулзсаныхаа дараа ярилцлага өгөхдөө “Токиотой эгч дүү хотуудын хэлэлцээр байгуулж, харилцаагаа бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа би уламжилсан” гэлээ.

Хог хаягдал зайлуулах, дахин боловсруулах чиглэлээр Токиогийн хуримтлуулсан туршлагаас судалж, Улаанбаатар руу илүү олон жуулчин татах хүсэлтэй байгаагаа тэрбээр мөн илэрхийлжээ.

Баасан гарагийг хүртэл Токиод таван өдрийн айлчлал хийж буй С.Батболд хоёр улсын хооронд байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээр бол худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт хоёр талын харилцааг бэхжүүлэх гол хөшүүрэг гэж үзэж байна.
Г.Доржханд