Алслагдсан дүүргүүд хотын ачааллаас хуваалцах бололцоотой

2017-03-20 14:27:22

Хотын удирдлагын багийг ийнхүү дагуулж буй нь   газар дээр  асуудлыг шийдвэрлүүлэх, иргэдийг чирэгдүүлэхгүй байх зорилготой гэж Хотын дарга тайлбарлаж байлаа. Ажлын хэсгийнхэн эхлээд “Багануур” ХК-ийн үйл ажиллагаатай танилцав. Тус компанийн гүйцэтгэх захирал  Э.Номинчулуун өнгөрсөн долоодугаар сард томилогдсон аж. Тэрбээр “Багануур” ХК-ийн өнөөгийн байдал, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.  “Багануур ХК бол  39 жилийн түүхтэй. 1978 онд байгуулагдахдаа 300 мянган тонн нүүрсний нөөцтэй байсан бол өнөөдрийн байдлаар дөрвөн сая тоннын нүүрсний нөөцтэйгөөр ажиллаж буй.

2013 оноос төрийн мэдлийн “Эрдэнэс Монгол” компани 75 хувийг, үлдсэн хувийг иргэд эзэмшдэг.  Дотроо “Багануур элч”, “Багануур сувилал” зэрэг хоёр охин компанитай. Нийтдээ 1120 ажилтантай, хөрс суулгалт 96.3 хувьтай, 2017 оны төлөвлөгөөгөө гаргаж ажиллаж байна.  Нүүрсээ 125 метрийн дороос гарган авдаг бөгөөд тоног төхөөрөмжийн хугацаа хэтрэлттэй, эдийн засгийн хувьд 2016 онд цэвэр ашиг 1.6 тэрбум төгрөг, нэг тонн нүүрсийг 29.500 төгрөгөөр борлуулж байна. Энэ жилийн хамгийн чухал ажил бол техникийн шинэчлэл болон  ус байгууламжийг нүүлгэн шилжүүлэх асуудал.  Ус байгууламжийг нүүлгэн шилжүүлэх асуудлыг холбогдох   яам хариуцан ажиллаж байна.  Нийгмийн хариуцлагын хүрээнд утаагүй түлш үйлдвэрлэхээр БНХАУ-ын Шилийн гол аймгийн удирдлагуудтай хэлэлцээр хийхээр төлөвлөж ирэх сард хамтарч ажиллана.  Өвөрмонголын нүүрс манай нүүрстэй төстэй бөгөөд утаагүй түлш үйлдвэрлэх боломжтой гэсэн судалгаа гарсан. Хэрвээ утаагүй түлш үйлдвэрлэж чадвал хуучин төмөр замын объектыг чөлөөлж ажлын байраар хангаж, нүүрсээ өгье гэсэн болзол тавьсан. Энэ ажлын үр дүнд урьдчилсан тооцоогоор 100 мянган утаагүй түлш үйлдвэрлэх боломжтой. Мөн  үүний зэрэгцээ манай 1100 гаруй ажилтнаас 350 гаруй нь орон сууцгүй байгаа учраас орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байна. НЗТГ-тай хийсэн гэрээний гүйцэтгэлийн хүрээнд манай хамт олон хичээн ажиллаж байгаа” гэсэн юм. 

Монгол Улсын нүүрсний хэрэглээний 60 хувь, эрчим хүчний нүүрсний 70 хувийг дангаараа хангадаг “Багануур” ХК-ийн  үйл ажиллагаа харьцангуй сайн байна гэдгийг Хотын дарга онцлоод, “Багануурын нүүрсний уурхай нийслэл хотынхны  хувьд маш чухал газар. Багануурын уурхайгүйгээр хотын амьдралыг төсөөлшгүй, өөрөөр хэлбэл танай уурхай нэг дүүргийн амьдралыг тэр чигт нь авч явдаг гэж ойлгох хэрэгтэй.  Өнөөдрийн нөхцөл байдлыг харахад утаагүй түлшний үйлдвэр чухал асуудлын нэг. Бид утаа бага ялгаруулдаг, илчлэг ихтэй нүүрсээр иргэдийн хэрэгцээг хангах ёстой. Харамсалтай нь, бодит байдал дээр ингэж чадахгүй байна. Эхний ээлжид цахилгааны үнийг хөнгөлөөд, түүхий нүүрс худалдаалах хориг тогтоосон хэдий ч энэ нь тийм сайн гарц биш. Иргэд надаас асууж байна. “Бид ямар нүүрс түлэх юм бэ” гэж. Тэдний асуулт зөв. Манайх шиг хүйтэн уур амьсгалтай оронд нүүрс түлэхгүйгээр амьдрахад мэдээж хэцүү. Тиймээс бид яаралтай утаагүй түлшний үйлдвэрийг байгуулах шаардлагатай. Хэрвээ утаагүй түлшний үйлдвэрлэл эхэлчих юм бол ирэх намраас худалдаанд гарах ёстой. Борлуулалтын асуудлыг хот хариуцаад хийж болно. Хоёрдугаарт, Хотын удирдлагууд  V цахилгаан  станцыг бариулах хүсэлтэй байгаа.  Гэхдээ  Засгийн газрын мөрийн хөтөлбөрт энэ нэрээр ороогүй III станцыг өргөтгөнө гэсэн. Цаашдаа Багануур дүүрэгт станц барих, V станцыг бариулах тал дээр хотын удирдлагууд буцахгүй.  Хотын даргын хувьд ч энэ асуудал дээр санаа тавьж  хөөцөлдөнө. Ажилчдын орон сууцны дэд бүтцийн асуудлыг хотоос шийдэж өгнө. Учир нь, танайх дулааны эх үүсвэртэй газар. Тиймээс хотын зүгээс шийдэж болох бүх асуудал дээр хамтарч ажиллахад бэлэн байгаа”  гэлээ.

700 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц хэзээ ашиглалтад орох вэ

Үүний дараа  ажлын хэсгийнхэн “Багануур Пауэр” компанийг зорьсон юм. Тус  компани нь  Монгол Улсын Засгийн газартай Багануурын нүүрсний уурхайг түшиглэн шинээр 700 МВт-ын хүчин чадалтай “ Багануурын цахилгаан станц”-ын төслийг барих, шилжүүлэх нөхцөлтэйгөөр Концессын гэрээ байгуулсан аж.  Эднийх ирэх тавдугаар сараас цахилгаан станцын барилгын ажлаа эхлүүлэхээр төлөвлөжээ. Биднийг очиход хэд хэдэн кемп байрлуулсан байсан бөгөөд хамгаалалтын алба  гэрээгээр ажиллаж байв. Ерөнхийдөө орон нутгийн иргэдээс ажилтан авах сонирхолтой байгаа гэдгийг компанийн удирдлагууд онцолсон. Энэхүү станц нь хамгийн сүүлийн үеийн технологи бүхий 700 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай дулааны цахилгаан станц юм. Уг төслийн нийт хөрөнгө оруулалт нь нэг тэрбум илүү ам. долларын төсөвтэй.  Уг станц нь байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн үр өгөөжтэй өндөртэй эрчим хүчийг, эрчим хүчний хэрэглээ улам бүр өсөн нэмэгдэж буй Төвийн болон Зүүн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд нийлүүлэх юм. Түүнчлэн Монгол Улсын импортын эрчим хүчний хамаарлыг ихээхэн бууруулах боломжтой гэж мэргэжилтнүүд үзээд байна.  “Станцыг ашиглалтад оруулснаар Багануур хот болон энд баригдах үйлдвэр технологийн парк, Оюутны хотхон зэрэг төлөвлөж байгаа томоохон бүтээн байгуулалтын цахилгаан эрчим хүч, дулааны хэрэгцээ, хангамжийг бүрэн шийдвэрлэж, Монгол Улсын хөгжил болон эрчим хүчний салбарт ихээхэн хувь нэмэр оруулна” гэж Хотын дарга онцолсон. Энэхүү станц баригдсанаараа Монгол Улсын эдийн засагт хувь нэмэр оруулахаас гадна ДНБ-ийг жил бүр 300 сая ам.доллараас дээш хэмжээгээр нэмэгдүүлэх юм.  Мөн эрчим хүчний салбарын техник технологийн дэвшил боловсон хүчний хөгжилд хувь нэмэр оруулж эхний ээлжид 300 гаруй тооны мэргэжлийн боловсон хүчинг урт хугацаанд тогтвортой ажиллуулна гэж “ Багануур Пауэр” компанийн удирдлагууд энэ үеэр хэлсэн юм. Тус станц нь БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар баригдах бөгөөд нийт 26 жилийн хугацаанд үргэлжлэх аж.

Жишиг хорооллын үнэ харьцангуй хямд, тохилог юм

Нэг хэсэг Багануур дүүрэг “эзэнгүйдэж” байсан бол өнөөдөр цаг өөр болсныг нэгэн газар харуулав. Энэ нь тус дүүрэгт  жишиг хороолол сүндэрлэн боссон байлаа. Хотын дарга С.Батболд жишиг хорооллын үйл явцтай газар дээр нь очиж танилцсан юм.  Тус хорооллыг гурван компани хамтран барьж байгаа аж. Үүний нэг нь “Цахирт-Ану” компани. Тус компанийн захирал С.Батдоржийн ярьснаар, “2015 онд хэсэгчилсэн төлөвлөгөө батлуулсан. Одоо хэсэгчилсэн төлөвлөгөөгөө батлуулах ёстой. Төлөвлөгөөгөө батлуулаагүй учраас захиалагчдад барилгын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөх боломжгүй болоод байгаа. Хэсэгчилсэн төлөвлөгөө батлагдсан тохиолдолд бид үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ.  Тиймээс бид энэ асуудлаа Хотын даргад албан ёсоор танилцууллаа. Биднийг асуудлыг шийдэж өгнө гэсэн. Ерөнхийдөө манай хорооллын хувьд үнэ хямдхан, тохилог тухтай болохоор иргэдийн захиалга их байгаа. Өнөөдрийн байдлаар 13 айл байрандаа орж бусад нь захиалгаа өгчихөөд байна.  Нэг метр квт-ын  үнэ 1.090.000, дэд бүтэц  100 хувь шийдэгдсэн, 8 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй, чанарын өндөр төвшинд хийсэн, 0.6 га газар өмчлөн авах боломжтой, төлбөрийн нөхцөл уян хатан гээд иргэдийн эдийн засгийн чадварт нийцэж байгаа. Барилгын бүтцийн хувьд евро стандартын хийт блок, ган болон модон араг бүтэцтэй канад хаус юм.  Төвийн эрчим хүч, төвлөрсөн халаалт, халуун хүйтэн устай. Өнгөрсөн хугацаанд орон нутгийн хөгжлийн сангаас цахилгааны хэрэгцээнд 100 сая төгрөг гаргаж өгсөн нь бидэнд  их дэмжлэг болсон гэдгийг хэлмээр байна. Цаашдаа Нийслэлийн зүгээс дэд бүтэц, инженерийн байгууламж дээр дэмжээд өгвөл бидний үйл ажиллагаа илүү сайн үргэлжлэх боломжтой ” гэсэн юм. Багануур дүүргийн хувьд хөгжил ойрхон байгааг харж болохоор байлаа. Сүүлийн үед дүүргийн иргэдийн оролцоо нэмэгдэж энэ хэрээр бүтээн байгуулалт өрнөж, ажлын байраар бага гэлтгүй хангагдаж байгаа аж. Энд  төрийн оролцоотой компани гэхээсээ илүү хувийн компаниудын оролцоо их байгаа нь  анзаарагдсан. Бидний дараагийн очсон газар бол Эрүүл мэндийн төв. Тус Эрүүл мэндийн төвийн дарга Д.Шинэбаяр эмнэлгийнхээ үйл ажиллагааг танилцуулаад, сүүлийн жилүүдэд өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан хэд, хэдэн төсөл хэрэгжүүлж, шинэ тасаг байгуулсан тухайгаа Хотын даргад тайлагнав. Тухайлбал, нөхөн үржихүйн кабинет, Итгэл сангийн санихүүжилтээр хавдрын хөнгөвчлөх үйлчилгээ, нярайн тасаг байгуулснаа онцолсон.  Мөн алсын зайн сургалтад эмч нараа хамруулан тэдний мэдлэг, боловсролыг дээшлүүлэхэд анхаарал хандуулан ажиллаж байгаа аж.  Гэхдээ тус эмнэлгийн хувьд хэд хэдэн тулгамдсан асуудал байгаа гэнэ.  Энэ нь нийгмийн даатгалаас авах санхүүжилт 11 хувиар нэмэгдсэн ч төсвөөс авах санхүүжилт багассан нь  асуудал үүсгэжээ. Мөн түргэн тусламжийн автомашины парк шинэчлэл, дулаан, цахилгаан инженерийн шугамд хийх их засварын ажил, тоног төхөөрөмж дутагдалтай байгааг энэ үеэр дуулгасан.  Энэ бүхнийг шийдэж өгөхийг Хотын даргаас хүсэхэд, тэрбээр эхний ээлжид дижитал рентген аппаратыг шийдэж өгөхөө амалсан юм.  Үүний дараа тус дүүргийн Бага сургуулийн барилгын явцтай танилцав.  Өнгөрсөн жил бага сургуулийн суурийн ажлыг гүйцэтгэжээ. Гэхдээ гаднаас нь харахад суурийн цутгалтын ажил хангалтгүй. Нийтдээ 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар боссон сургуулийн суурь гэхэд чамлалттай. Энэ бүхнийг хараад Хотын дарга ч сэтгэл дундуур байсан. Тэрбээр суурийн ажлын гүйцэтгэл яагаад хот дээр очоогүй, санхүүгийн асуудал дээр ямар асуудал үүссэн талаар асуухад, ажлын гүйцэтгэлийн тайлангаа хот дээр өгөөгүй учраас санхүүжилт орж ирээгүй гэсэн тайлбарыг  гүйцэтгэлийн компанийнхан  хэлж байв. Уг нь энэ сургуулийг ашиглалтад оруулбал хүүхдүүд холоос биш гэрийнхээ ойр сургуульд явах боломжтой ажээ.

Багануур дүүргийнхэн Хотын даргаас юу хүсэв

Үүний дараа Хотын дарга Багануур дүүргийн төрийн албан хаагчидтай уулзсан юм. Энэ үеэр Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир дүүргийн талаар товч танилцуулга хийсэн юм. Тэрбээр, Багануур дүүрэгт Хотын дарга анх удаа ажиллаж байна. Нийслэлийн есөн дүүргээс таван дүүрэг орлого төвлөрүүлдэг. Дөрвөн дүүрэг нь татаас авч ажилладаг. Тэдний нэг нь Багануур дүүрэг.  Нийслэлээс 2017 онд 2.9 тэрбум төгрөгийг татаасаар авна. Татварын орлогын хувьд улсын төсөв,  нийслэлийн төсөв, дүүргийн төсөв гэсэн гурван орлого бүрдүүлдэг. Улсын төсөвт 2017 онд 2.9 тэрбум төгрөг  төвлөрүүлэх төлөвлөгөөтэй.  Хөрөнгө оруулалтын хувьд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 3.9 тэрбум төгрөг хөрөнгө оруулалт хийсэн,  2017 оны хувьд  тэг хувьтай байна. Дүүргийн хөгжил орон нутгийн хөрөнгө оруулалтаар 2.6 тэрбум төгрөг, 2016 онд 1.1 тэрбум төгрөгийн төсөв батлагдсан. Цаашдаа төсөвтэй холбоотойгоор хэд хэдэн шийдвэрлүүлэх шаардлагатай  гэж үзэж байна. Ус ашигласны төлбөрийг үйлдвэрлэлийн зориулалтын усыг нийслэлийн төсөвт төвлөрдөг болсон.  Үүний зөрүү мөнгө болох 480 сая төгрөгийн эрхийг дүүрэгт олгож өгөөч.  Мөн дүүргийн  газрын төлбөр 100 хувь нийслэлд ордог. 2017 онд газрын суурь үнэ болон газрын дуудлага худалдаанд орох орлогыг дүүрэгт өгөх бололцоо боломжийг өгөхийг хүсч байна. Газрын төлбөрөө бид нийслэлдээ төлье, газрын дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтаас олсон нийт мөнгөн дүнгийн 100 орчим сая төгрөг бий.  Энэ мөнгийг дүүрэгт нь өгөх боломж байна уу.  Гуравдугаарт, дүүргийн IV, V хорооны дундуур зам тавигдсан. 2016 онд Концессын гэрээгээр 6.4 км шинэ зам тавьсантай холбогдуулж замын ашиглалт хамгаалалт үйлчлэгч нарын цалингийн асуудал төсөвт тусгаагүй, нийт дүнгээрээ 265.3 сая төгрөгийн төсөвтэй, энэ төсвийг дүүргийн хот тохижилтын зардал дээр  2017 оны төсөвт тусгагдаагүй байна. Үүнийг нэмж тодотголоор өгөх боломжтой эсэх. Дөрөвдүгээрт,  Багануур орон нутгийн аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар нь гэр хорооллын иргэдийн зөөврийн усыг татаасгүй болгосон. Өнөөдрийн байдлаар хоёр тэрбум төгрөгийн санхүүгийн алдагдалтай байна. “Багануур Ус” компанид 200 сая төгрөгийн татаасыг нэмж өгөх боломж байна уу. Гэр хорооллын дэд бүтцийн ажил байна. Өнгөрсөн жил нэг хороонд нийслэлийн төсвөөр 1.4 тэрбум төгрөгөөр ус, дулаан дамжуулах төв байгуулсан. Гэр хорооллын айл өрхүүдийг инженерийн дэд бүтцэд холбох ажил үргэлжилж явна. Эхний дөрвөн гудамжны айлууд инженерийн дэд бүтцэд холбогдсон байгаа. Эдгээр асуудлыг шийдэж өгөхийг хүсч байна” гэлээ.

Багануурын асуудлыг бага багаар шийднэ

Хотын дарга тэдний хүсэлтэд дараахь хариултыг өглөө. “Би өмнө нь олон удаа та бүхэндээ уулзаж  байсан.  Өнөөдөр Хотын даргын хувиар уулзаж байна. Хот ямар бодлого баримталж  байгааг  та бүхэн мэдэж байгаа. Багануур дүүргийн хувьд ямар асуудлыг шийдэх вэ. Төрийн албан хаагчдын хариуцлага сахилга батыг дээшлүүлэх тал дээр ажиллана.  2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” гэж зарласан. Зөвхөн эрх зүйн шинэтгэлийг батлуулах асуудал биш юм.  Энэ дотор бүхэлдээ төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг яаж сайжруулах, дээшлүүлэх вэ гэдэг асуудал байна. Өнгөрсөн хугацаанд төрийн албан хаагчид их солигдсон. Тангараг өргөсөн, өргөөгүй ажиллаж байсан. Үүнийг цэгцэлнэ.  Сонгуулийн үр дүнгээр шинэ бүтцээр батлагдсан. Хариуцлагыг чангатгана. Олон зорилт дэвшүүлсэн. Эмх цэгцтэй байх, хот хөдөө амьдрах, нийгэм дунд дүрэм журмын дагуу ажиллах гэдэг нь их өөр зүйл. Эрх чөлөөгөө эдэлмээр байна гэвэл бусдын эрх чөлөөг хүндлэх хэрэгтэй. Олон тулгамдсан асуудал бий. Хот төлөвлөлт, иргэдийг эрүүл орчинд амьдруулах хэрэгтэй. Үүнийг шийдэхээр бид ажиллаж байна. Багануур дүүргийн хувьд олон асуудлыг нэг зэрэг биш, бага багаар шийдэж өгнө.  

Ингээд орон нутгийн томилолтын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдоос  зарим зүйлийг тодрууллаа.

-Хотын төвлөрлийг бууруулахын тулд дагуул хотуудыг яаж хөгжүүлэх вэ. Сая татварын хөнгөлөлт, өмчлөлийн асуудал яригдаж байна?

-Багануур, Багахангай дүүргийн хувьд Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилго­той. Улаанбаатар Хотын даргын гар­гасан захирамжаар өмчлүүлэх газар хотод байхгүй болсон байна. Тиймээс бид их энэ ачааллыг Багануур, Багахангай дүүрэгт шил­жүүлэх зайлшгүй шаардлага байна. Энэ нь үйлдвэрлэлийн хувьд ялгаагүй,  хүн амын хувьд ч ялгаагүй. Тэгэхээр энд иргэд амьдрах, аж ахуй эрхлэх бололцоог нь гаргаж өгөх хэрэгтэй. Засгийн газар, УИХ-д өргөн бариад байгаа Шинэ эрх зүйн байдлын тухай хуульд алслагдсан дүүрэгт  аж ахуй үйл ажиллагаа эрхэлвэл татварын хөнгөлөлт эдлүүлнэ. Хэрвээ үүнийг Засгийн газар, УИХ дэмжээд баталбал энэ дүүргүүдэд ажлын байр бий болох, иргэд ирж суурьших, нөхцөл бүрдэнэ. Хоёрдугаарт, манай алслагдсан дүүрэгт ажлын байр бий болгох тал дээр үйлдвэр технологийн паркуудыг  байгуулах хэрэгтэй. Үүн дээр хотын тодорхой бодлого гарсан, нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгасан байгаа.

-Ямар асуудлуудыг шийдэх боломжтой вэ?

-Хоёр дүүргийн хувьд дэд бүтцийн хувьд бололцоотой. Ялангуяа Багануур дүүргийн хувьд дэд бүтэцтэй. Цаашдаа эрчим хүч болон дулааны хангамж, цэвэр усны хувьд боломжтой. Тиймээс хувийн хэвшлийн оролцоотойгоор үйлдвэрлэл технологийн парк байгуулах нь зүйтэй. Бага­хангай дүүрэгт Богд хаан төмөр замын асуудал  байна.  Хоёрдугаарт, томоохон ложестикийн төв байгуулах, ялангуяа Улаанбаатар хотод байрлуулж болохгүй, аюултай ангилалд багтдаг хотоос зайдуу байрлах шаардлагатай ложестикийн төвийг Багахангайд байрлуулах шаардлагатай. Хоёр  дүүрэг Агро парк хөгжүүлэх хамгийн том бололцоотой. 

-Хоёр дүүрэгт ажилгүйдлийн хувь өндөр гарчээ. Ажилгүйдлийг яаж багасгах вэ?

-Одоо төлөвлөсөн төслүүдээ хөдөлгөөнд оруулах шаардлагатай.  Хүн  амын амьдрах нөх­цөлийг бизнес эрхлэгчдэд татварын хөнгөлөлт үзүүлэх, энэ бүгдийг шийдэх бололцоотой.