Контракт дүгнэсэн дүнг баталж, нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын захирлуудын хөдөлмөрийн хөлсийг шинэчилэн тогтоох тухай

2012-06-05 00:00:00

Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.1.2 дугаар зүйлийн “а” дахь заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйл, Төрийн өмчийн хорооны 2010 оны 166 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 113 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 61 дүгээр захирамж, 2012 оны А/282 дугаар захирамжаар томилогдсон Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын дарга, захирлуудтай байгуулсан Контракт гэрээний 2011 оны биелэлтийг дүгнэсэн дүн, олгох урамшууллыг нэгдүгээр, нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын 2012 оны эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх зорилтыг хоёрдугаар хавсралтаар баталсугай.
  2. Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын дарга, захирлуудын албан тушаалын сарын хөдөлмөрийн хөлсийг гуравдугаар хавсралтаар шинэчилэн тогтоож, 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс тооцон олгохыг тухайн байгууллагын нягтлан бодогч нарт зөвшөөрсүгэй.
  3. Контракт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн, байгууллагынхаа үйл ажиллагааны цар хүрээ, үр өгөөжийг нэмэгдүүлж ажиллахыг нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын дарга захирлуудад, түүний хэрэгжилтэнд хяналт тавин ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ц.Баасанжав/-т үүрэг болгосугай.
  4. Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын дарга, захирлуудад олгохоор батлагдсан урамшууллыг зохих сангаас гарган, урамшууллын тодорхой хэсгээр удирдлагын багийг урамшуулахыг нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын удирдлагуудад зөвшөөрсүгэй.

       5.  Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2010 оны “Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын захирлуудын хөдөлмөрийн хөлсийг шинэчлэн тогтоох тухай” 805 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР 
ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР