Хүүхдийн зуслангийн талаар авах арга хэмжээний тухай

2012-06-05 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйл, 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2.3, 2.8 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нийслэлийн ногоон бүсэд байрлалтай улирлын шинж чанартай үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн зуслангуудын 2012 оны зуны үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулан зусланд хүүхдийн ая тухтай амрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл ахуйн болон галын аюулгүй байдлыг хангуулах, сургалт хүмүүжлийн ажлын чанар, үр нөлөөг сайжруулах, зуслангийн материаллаг баазад хяналт тавихад чиглэгдсэн зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс /М.Отгонбаяр/-т үүрэг болгосугай.
2. Дараах байгууллагуудын удирдлагууд зусланд хүүхдийн ая тухтай амрах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдсэн зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг үүрэг болгосугай.

А. Нийслэлийн Хүүхдийн төлөө газар /С.Алтанцэцэг/-т үүрэг болгох нь:

1. Нийслэлийн хүүхдийн зуслангуудыг мэргэжлийн удирдлагаар ханган зусланд хүүхдийн хөгжих орчин бүрдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллах,
2. Хүүхдийн зуслангийн үйл ажиллагааны ерөнхий шаардлага MNS 5633:2006 Монгол Улсын стандарт болон Нийслэлийн ногоон бүс дэх хүүхдийн зуслангийн эрүүл мэндийн чиглэлээр баримтлах журмыг мөрдөн ажиллах,
3. Хүүхдийн зуслангийн үйл ажиллагааг эхлүүлэх зөвшөөрөл олгох мэргэжлийн байгууллагуудын шалгалтын дүнг нэгтгэн, бусад шаардлагатай материалуудад үндэслэн хүүхдийн зуслангийн үйл ажиллагааг эхлүүлэх,
4. Нийслэлийн хүүхдийн зуслангуудын үйл ажиллагааны явцад хяналт тавьж, шаардлагатай мэдээллийг цаг тухайд нь хүргэж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллах,
5. Зуслангийн бэлтгэл ажлыг зохих журмын дагуу хангасан нөхцөлд үйл ажиллагааг эхлүүлэх эсэх талаар ажлын хэсгийн хамтарсан дүгнэлтийг үндэслэх,

Б. Нийслэлийн Эрүүл мэндийн газар /С.Туул/-т даалгах нь:

1. Зусланд амрагч хүүхдүүдийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээг хамруулах, зусланд ажиллах эмч, эрүүл ахуйч нарыг мэргэжлийн удирдлага, арга зүйгээр байнга хангаж ажиллах,
2. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сургалт сурталчилгааг зохион байгуулж, мэргэжил арга зүйгээр хангах,
3. Болзошгүй халдварт өвчнийг эрт илрүүлэн тусгаарлах, халдвар тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах,
4. Зусланд амрагч хүүхдүүд эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан эсэхэд байнгын хяналт тавих,

В. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Бямбасүрэн/-т даалгах нь:

1. “Хүүхэд өсвөр үеийнхний амралтын төв, зуслангийн эрүүл ахуй, ариун цэврийн үлгэрчилсэн дүрэм” болон “Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа, Техникийн ерөнхий шаардлага MNS:5633:2006 стандартын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах,
2. Зуслангийн үйл ажиллагаа шаардлагын дагуу явагдаж байгаа эсэхэд мэргэжлийн байгууллагуудтай хамтран явцын шалгалт хийж, дүгнэлт өгөх,

Г. Нийслэлийн Онцгой байдлын газар /Х.Батбилэг/-т даалгах нь:

1. Гарч болзошгүй гамшиг, аюул сэргийлэх бэлэн байдлыг хангах, гал унтраах анхан шатны норм, стандарт, техникийн нормативуудыг хэрхэн хангаж ажиллаж байгаад хяналт тавих,

Д. Нийслэлийн Цагдаагийн газар /Ө.Энхтөр/-т даалгах нь:

Нийслэлийн ногоон бүсэд байрлалтай хүүхдийн зуслангуудад хүүхэд аюулгүй амрах, эрүүл орчин бүрдүүлэхэд хяналт тавьж, гэмт хэрэг зөрчил гарахаас урьдчилан сэргийлж, байнгын хяналтын цагдаа ажиллуулах,

Е. Замын цагдаагийн газар /Х.Энхжаргал/-т даалгах нь:

Нийслэлийн ногоон бүсэд байрлалтай хүүхдийн зуслангууд Нийслэлийн Хүүхдийн төлөө газрын дэргэдээс нэгдсэн журмаар автобусаар цуваа үүсгэн хөдлөхөд болон амрах ээлжийн төгсгөлд зуслангаас нийслэлийн Хүүхдийн төлөө газар дээр буух хүртэл цагдаагийн хамгаалалтын машиныг цувааны эхэнд явуулах,

Ё. Хүүхдийн зуслангийн захирлуудад даалгах нь:

  1. Зусланд хүүхэд хүлээн авах бэлтгэлийг цогцоор нь шийдвэрлэж, ажлын хэсгийн хамтарсан дүгнэлтийг авсан тохиолдолд үйл ажиллагаагаа нээх,
  2. Хүүхэдтэй ажиллах багш, нийгмийн ажилтныг сурган хүмүүжүүлэх мэргэжилтэй, сургууль хүүхдийн байгууллагад ажиллаж байгаа чадварлаг боловсон хүчнээр баг бүрдүүлэн ажиллах,
  3. Эрүүл ахуй, стандартын шаардлага хангасан тухай мэргэжпийн байгууллагуудын дүгнэлт гарч, үйл ажиллагаа эхлүүлэх тухай шийдвэр гарсаны дараа амрагч хүүхдүүдэд амрах эрхийн бичиг тараах,
  4. Онцгой байдал, гарч болзошгүй гамшиг, аюулт үзэгдлээс хамгаалах, болзошгүй аюулаас сэргийлэх бэлэн байдлыг байнга хангах,
  5. Үйл ажиллагаа эхлэхийн өмнө ажилчдыг эрүүл мэндийн үзлэгт оруулж, холбогдох мэргэжлийн сургалтанд хамруулсан байх,
  6. Зусланд амрагч хүүхдүүдийг чанартай, эрүүл ахуйн шаардлага хангасан, баталгаатай хүнсээр гэрээт газраас хангах, хоолны орц нормыг стандартын хэмжээнд байлгахад онцгой анхаарах,
  7. Хүүхдийн амарч байгаа байр, хоолны газар, тоглоомын талбай, олон нийтийн үйл ажиллагаа явуулж буй өрөө тасалгаа орчны цэвэрлэгээнд шаардагдах материал, ариутгал халдваргүйтлийн бодисоор байнга тогтмол ханган халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин ажиллах,
  8. Ахуйн хортон мэрэгч, шавьж устгал, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулах,
  9. Болзошгүй халдварт өвчнийг эрт илрүүлэн тусгаарлах, халдвар тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах,
  10. Эрүүл мэндийн үзлэгт орсон хүүхдүүдийг зусланд амруулахаар хүлээн
  11. Эрүүл ахуйн шаардлага хангасан ундны болон ахуйн хэрэглээний усаар хангах,
  12. Бохирын цооног, бие засах газар, хатуу хог хаягдлын цэгийн эрүүл ахуйн шаардлагыг хангах асуудлыг холбогдох газарт тавих, хөрсийг бохирдуулахгүй байх нөхцлийг бүрдүүлэн ажиллах, хог хаягдал тээвэрлэлтийн гэрээ хийх,
  13. Хүүхэд тээвэрлэлтийн аюулгүй ажиллагааны талаар тээврийн байгууллагатай гэрээтэй ажиллах зориулалтын бус ашиглалтын шаардлага хангаагүй машин техникээр хүүхэд тээвэрлэх, батлагдсан маршрутыг зөрчихгүйгээр ажиллах,
  14. Зуслангийн үйл ажиллагаа эхэлсэн үед архи, согтууруулах ундаа хэрэглэх, тамхи татах, хүүхдийн дэргэд ёс бусаар авир гаргах, зориулалтын байргүй газар насанд хүрэгчдийг амруулахыг хориглох,
  15. Зуслангийн бүсэд ажиллах үйлчилгээний цэгийг соёлын болон ариун цэврийн бүтээгдэхүүнээс бусад зүйл худалдахыг хориглох,

Ж. Нийслэлийн ногоон бүсэд хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуй нэгжид даалгах нь:

Өөрийн харьяа зуслангийн үйл ажиллагаанд байнгын хяналт тавьж, хүүхдийн зусланд тавигдаж байгаа дээрх шаардлагуудыг ханган ажиллаж, учирч болзошгүй хохирол, эрсдэлийн хариуцлагыг бүрэн хүлээх,

3. Энэ захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын орлогч, нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга Ц.Цогзолмаад үүрэг болгосугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР 
ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР