Татварын буцаан олголтын тухай

2012-06-05 00:00:00

Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.13, 12 дугаар зүйлийн 12.1.2, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 24 дүгээр зүйлийн 24.6, 24.7, Сангийн сайдын 2009 оны 104 дүгээр тушаалаар батлагдсан “Албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журам”-ын 2.8, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Нийслэлийн 2012 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах” тухай 2012 оны 9/81 дүгээр тогтоолын 1.2 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хуулийн дагуу хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдах иргэдийн материалыг хүлээн авч, бичиг баримтын бүрдлийг шалган, Хувь хүний орлогын албан татварын буцаан олголт авах иргэдийн жагсаалтыг баталгаажуулахыг Нийслэлийн Татварын газар /С.Энхбаатар/-т даалгасугай.
  2. Нийслэлийн Татварын газраас баталгаажуулан ирүүлсэн хувь хүний орлогын албан татварын буцаан олголтын 2,200,000,000 /хоёр тэрбум хоёр зуун сая/ төгрөгийг татвар төлөгчдийн харилцах данс байршиж буй банкуудаар дамжуулан татвар төлөгчдөд олгож, тайланг Сангийн яаманд хүргүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т үүрэг болгосугай.


НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР 
ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР