Мал бүхий иргэдийн талаар авах зарим арга хэмжээний тухай

2012-05-31 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, Засгийн газрын 2012 оны 16 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн нутаг дэвсгэр орчмын малтай иргэдийн өвөлжилт, хаваржилт хүндрэхээс урьдчилан сэргийлж бэлтгэсэн Онцгой байдлын газрын Нөөцийн албанд хадгалагдаж байгаа 82,8 тонн өвч, 181 тонн тэжээлийг нийслэлийн мал бүхий иргэдэд үнэгүй хүргэх ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Онцгой байдлын газар /Х.Батбилэг/-т даалгасугай.
  2. Малчдын эрүүл мэндийг хамгаалах, жирэмсэн эхчүүд, суурь өвчтэй иргэд, бага насны хүүхдүүдийг эмчийн хяналтад авч, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх шаардлагатай нөхцөлд хэвтүүлэн эмчлэх арга хэмжээг авч ажиллахыг нийслэлийн Эрүүл мэндийн газар /С.Туул/-т үүрэг болгосугай.
  3. Нийслэлийн нутаг дэвсгэр дэх малтай иргэдэд үзүүлж байгаа тусламж, урьдчилан сэргийлж, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдэд сурталчлан мэдээллэх ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Хэвлэл мэдээллийн алба /Д.Сайнбаяр/-д даалгасугай.
  4. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, холбогдох мэдээллийг нэгтгэн танилцуулж ажиллахыг Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба /Ч.Бат/-д үүрэг болгосугай.


НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР 
ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР