“Сүхбаатар нэгдсэн эмнэлэг” нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дүрмийг батлах тухай

2012-05-31 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын “в”, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 57 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

  1. “Сүхбаатар нэгдсэн эмнэлэг” нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дүрмийг хавсралтаар баталсугай.
  2. Өөрчлөн байгуулагдсан нийслэлийн өмчит хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх ажлыг зохион байгуулахыг Өмчийн харилцааны газар /Ц.Баасанжав/-т даалгасугай.


НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН 
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
05 дугаар сарын 31-ны өдрийн
385 дугаар захирамжийн хавсралт

СҮХБААТАР НЭГДСЭН ЭМНЭЛЭГ
НИЙСЛЭЛИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ТООЦООТ
ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ДҮРЭМ


1. Ерөнхий зүйл

1.1. “Сүхбаатар нэгдсэн эмнэлэг" нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /цаашид НӨААТҮГ гэх/ нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Компанийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын татварын тухай хууль болон бусад хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа удирдлага болгон холбогдох дээд байгууллагуудын тогтоол, шийдвэрийн хүрээнд ашгийн төлөө бус үйл ажиллагаа явуулах орон нутгийн өмчит компани байна.

1.2 “Сүхбаатар нэгдсэн эмнэлэг” НӨААТҮГ нь Нийслэлийн Засаг даргын 2004 оны 28 дугаар захирамжаар өөрчлөн шинэчлэгдсэн нийслэлийн Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэг мөн.

1.3. “Сүхбаатар нэгдсэн эмнэлэг” НӨААТҮГ нь нийслэлийн болон хөдөө орон нутгаас ирсэн иргэдэд эмчилгээ, үйлчилгээ явуулах эрхтэй.

1.4. Эмнэлэг нь тогтоосон журмаар хийлгэсэн тамга, бэлэгдэл, албан бичгийн хэвлэмэл хуудас, банкинд харилцах данстай байна.

1.5. “Сүхбаатар нэгдсэн эмнэлэг” НӨААТҮГ нь нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Их тойруугийн гудамж дахь өөрийн байранд байрлана.

2. Удирдлага, зохион байгуулалт

2.1. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг шийдвэрлэнэ.

2.2 “Сүхбаатар нэгдсэн эмнэлэг” НӨААТҮГ-т удирдлагын болон менежментийн гэрээ хүчин төгөлдөр үргэлжлэх бөгөөд эмнэлгийн дарга нь байгууллагыг удирдлагын гэрээгээр ажиллуулж буй менежментийн багийн ахлагч байна.

2.3. Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар нь нийслэлийн Засаг дарга, Өмчийн харилцааны газар, Эрүүл мэндийн газрын удирдлага дор үйл ажиллагаагаа явуулна.

 

 

2.4. Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын дүрмийг батлах асуудлыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч шийдвэрлэнэ.

2.5. Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын захирал нь байгууллагын дотоод журам боловсруулан баталж мөрдүүлэх, бүтэц, орон тоо, цалин, урамшууллын хэмжээг тогтоож олгоно.

2.6. Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын захирал нь эрх хэмжээнийхээ хүрээнд ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг батлах, ажилтныг ажилд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулж, хууль тогтоомжийн хүрээнд ажлаас чөлөөлнө.

3. Нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын эрх хэмжээ

3.1. Нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулах тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр гарсан өдрөөс байгуулсанд тооцож холбогдох хуульд заасан журмаар бүртгүүлж хуулийн этгээдийн эрхтэй болно.

3.2. Нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаж, нийслэлийн өмчийн хөрөнгийг хууль тогтоомжид заасан эрх хэмжээний дотор үйл ажиллагааныхаа зорилгод нийцүүлэн эзэмшиж, ашиглана.

4. Нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын үүрэг

4.1. Газар нь байгууллагын үндсэн үйл ажиллагааны чиглэл, хөрөнгийн зориулалтыг өөрчлөхгүйгээр хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлнэ.

4.2. Холбогдох эрх бүхий байгууллагаас тогтоосон үндсэн үйл ажиллагааны үнэ тарифийг мөрдөж ажиллана.

4.3. Үндсэн үйл ажиллагаанаас гадуурх үйл ажиллагааны үнэ тарифыг өөрөө тогтоож болно.

4.4. Эрүүл мэндийн байгууллагуудад хэрэгжиж буй үндэсний болон дэд хөтөлбөрүүдийн шалгуур үзүүлэлтүүдийг хангаж ажиллана.

4.5. Салбарын үйлчилгээнд мөрдөгдөж буй хууль, тогтоомж, стандарт, норм нормативыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон үйл ажиллагаагаа хэвээр нь хадгалж явуулах.

4.6. Гадаадын болон дотоодын эрх бүхий байгууллага /орон нутгийн салбар болон харъяа нэгж байгууллагууд зэрэг/-д зориулан бэлтгэж тайлагнах шаардлагатай бүхий л тайлан, мэдээллийг цаг тухайд нь бэлтгэн хүргүүлж байх.

5. Өмч хөрөнгө, санхүүгийн бүртгэл, хяналт

5.1. Нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын өмч хөрөнгө, санхүүгийн тайланг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу хөтөлж явуулна.
 

 

5.2. Нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын санхүүгийн жил нь тухайн оны 1 дүгээр сарын 1-ээс эхэлж 12 дугаар сарын 31-ний өдөр дуусна. Санхүүгийн анхны жил нь байгуулагдсан өдрөөс эхэлж хуанлийн жилийн 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болох ба санхүүгийн сүүлчийн жил нь татан буулгасан өдрөөр дууссанд тооцно.

5.3. Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар нь Монгол улсын хууль тогтоомжийн дагуу орлогын болон бусад татвар хураамжийг төлнө.

5.4. Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар нь анхан шатны бүртгэлийн баталгаажсан баримтыг үндэслэн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэл хөтлөн тайлан тэнцлийг улирлаар гаргаж холбогдох байгууллагад хүргүүлнэ.

5.5. Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих үүргийг хууль тогтоомжид заасан байгууллага хэрэгжүүлнэ.

6. Хариуцлага

6.1. Нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирал нь Монгол улсын хууль тогтоомж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн шийдвэр болон холбогдох бусад шийдвэрийн биелэлтийг хэрэгжүүлэх явцад буруу шийдвэр гаргаж бусдад хохирол учруулсан нь шүүхээр тогтоогдсон бол холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.

6.2. Нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга нь эрх мэдлээ хэтрүүлэх буюу урвуулан ашиглаж байгууллагадаа хохирол учруулсан бол уг хохирлыг байгууллагын захирал өөрийн хувийн өмчийн эд хөрөнгөөр бүрэн хариуцна.

6.3. Дарга нь Монгол улсын хууль тогтоомж, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчвөл хариуцлага хүлээлгэнэ.

7. Бусад

7.1.Энэхүү дүрэмд Нийслэлийн Засаг даргын захирамжаар нэмэлт, өөрчлөлт оруулж болох бөгөөд тэдгээр нь дүрмийн салшгүй хэсэг болно.

7.2. Дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг тухай бүр зохих байгууллагад мэдэгдэж бүртгүүлнэ.

7.3.Энэ дүрэмд тусгагдаагүй бусад асуудлыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу зохицуулна.