Залуучууд нэгдэж хотын соёлд хувь нэмрээ оруулна

2017-01-30 17:19:25

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудтай хийх энэ оны анхны зөвлөлдөх уулзалтаа өнгөрсөн баасан гаригт зохион байгууллаа.  Уулзалтад 30 гаруй ТББ-ын төлөөлөл оролцож хотын хөгжилд залуусын оролцооны талаар санал бодлоо солилцон цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцсан юм. Тус уулзалтад оролцогсод санал бодлоо нэгтгэн сар бүр уриалга гаргаж аян өрнүүлж байхаар тогтлоо. Тодруулбал  энэ сарыг “Залуучууд ба их хотын соёл” гэсэн уриан дор аян өрнүүлэх аж. Харин хоёрдугаар сарыг “Залуучууд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих сар”  болгон зарлахаар тохиролцов. Тус байгууллагаас сар бүр уриалга гарган Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон холбогдох төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахаар төлөвлөж байна.

Уулзалтын эхэнд “Залуучуудын дуу хоолойг төрд уламжлах, төрийн бодлогод тусгаж ажил хэрэг болгох замаар хотын хөгжлийг урагшлуулна” хэмээн нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир онцоллоо. Тэрбээр “Залуучуудын хөгжлийг дэмжих зорилгоор 2016 онд манай газар байгуулагдсан. Бид нийгмийг цогцлоох залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэдэнд эрүүл мэндийн боловсрол олгох, их хотын соёлч иргэний хандлагыг төлөвшүүлэхээр  маш олон ажил хийхээр төлөвлөж эхний уулзалтаа хийж буй нь энэ юм. Залуучууд өнөөдөр үүнийг хийгээд өгөөч гэж төр засгаас гуйж суухын оронд гар бие  оролцон эерэг нийгмийг бүтээхийн төлөө эрмэлзэх ёстой. Тиймээс цахим ертөнцийг түлхүү ашиглан залуусын сэтгэлгээг өөрчилж “Миний Улаанбаатар-Миний гэр” гэсэн хандлагыг бий болгоход үйл ажиллагаагаа чиглүүлнэ. Өнөөдөр Төрийн бус байгууллагуудын залуучуудтайгаа хамтран ажиллах талаар ярилцаж, 2017  онд хийх  үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг баталлаа. Залуус бидний зорилго нэг учраас хамтын ажиллагаагаа илүү үр бүтээлтэй болгох үүднээс энэ уулзалтыг сар бүр уламжлал болгон зохион байгуулна” хэмээв.

Нийслэлийн хүн амын 34 хувийг залуучууд эзэлдэг бөгөөд тэдэнд чиглэсэн үйл ажиллагаа явуулах нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар байгуулагдаад 3 сар болжээ. Тус газар нь зөвхөн дотооддоо үйл ажиллагаагаа чиглүүлэхгүй бөгөөд гадаадад сурч, ажиллаж буй залуучуудаа дэмжих, тэдэнтэй хамтрах зорилгоор "Бидний хайртай эх орон"  аян зохион байгуулж, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахыг уриалахаар ажиллаж буйгаа дуулгалаа гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.