Сургууль, цэцэрлэг байгуулах тухай

2011-06-20 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4 дэх заалтууд үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Боловсролын үйлчилгээг иргэдэд ойртуулж хүүхэд багачуудыг Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт бүрэн хамруулах зорилгоор Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд 171 дүгээр цэцэрлэг, 17 дугаар хороонд 175 дугаар цэцэрлэг, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд 172 дугаар цэцэрлэг, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд 173 дугаар цэцэрлэг, 17 дугаар хороонд 174 дүгээр цэцэрлэгүүд, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд ерөнхий боловсролын 118 дугаар сургуулийг тус тус шинээр байгуулсугай.
  2.  Шинээр байгуулагдсан ерөнхий боловсролын 118 дугаар сургууль, 171, 172,173,174, дугаар цэцэрлэгүүдийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ц.Баасанжав/, тухайн сургууль, цэцэрлэгүүдийн бүтэц, орон тоо, цалингийн санг батлагдсан төсвийн хүрээнд зохицуулж, сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгож ажиллахыг нийслэлийн Боловсролын газар /Д.Энхбаяр/, санхүүгийн үйл ажиллагаанд нь хяналт тавихыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, сургууль, цэцэрлэгийн удирдлагыг хуулийн дагуу сонгон шалгаруулалтанд оруулан томилж, сургалтын байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.
  3. Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч Ц.Цогзолмаад даалгасугай.

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР