157 тэнэмэл хүүхэд илрүүлснээс 111-г гэр бүлд нь хүлээлгэн өгчээ

2011-12-14 00:00:00

Монгол Улсын Шадар сайдын тушаал, Нийслэлийн Засаг даргын Захирамжийн дагуу хараа хяналтгүй хүүхдэд нийгмийн ажлын олон талт үйлчилгээг хүргэх замаар гэр бүлд нь эргэн нэгтгэж, хараа хяналтгүй хүүхдийн тоог бууруулах зорилготой нэгдсэн арга хэмжээг өнгөрсөн сарын 23-24-ны өдрүүдэд зохион байгуулсан. Нийслэлийн Хүүхдийн төлөө газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Хүүхэд хамгаалал хаяг тогтоох төв зэрэг байгууллагуудын хамтарсан 2 өдрийн арга хэмжээний үеэр нийтдээ хараа хяналтгүй 157 хүүхэд илрүүлж, бүртгэлжүүлэх, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах ажлыг хийсэн байна. Энэхүү ажлыг зохион байгуулагчид өнөөдөр хуралдаж, эхний шатны ажлын үр дүнг хэлэлцэн, дараагийн шатны ажлуудаа ярилцлаа.
    Хараа хяналтгүй 157 хүүхдийн 152 нь 7-оос дээш насных агаад 127 нь эрэгтэй хүүхэд байжээ. Дийлэнх нь 7 сараас дээж тэнэж буй бөгөөд 120 хүүхэд урт удаан хугацаанд хоол ундгүй явсан байна. 5 хүүхэд тутмын 1 нь дотрын өвчтэй, арьсны өвчтэй 9, БЗХӨ-тэй 3, сэтгэцийн өвчлөлтэй  30 хүүхэд гээд 5 хүүхэд тутмын 4-т нь эрүүл мэндийн үйлчилгээ шаардлагатай гэж гарчээ. Хүүхдүүд эцэг, эх, гэр бүлийн гишүүд нь хайраар дутаадаг, гэр бүлд нь ая тух алдагдсанаас тэнэдэг болж, эрх чөлөөтэй байхыг хүссэн, нийгэмд дайсагнасан зан үйлдэлтэй болсон байна.
    Хүүхдээ авахаар ирсэн эцэг эхчүүд болон халамжлан хүмүүжүүлэгчдэд нь сэтгэл зүйн зөвлөгөө өгч ярилцахад ихэнх нь гэр бүл салалтаас болж хүүхдүүд нь хараа хяналтгүй орхигддог, мөн сар бүр олгодог 21 мянган төгрөгнөөс өөр орлого байхгүй учир хэдийгээр хүүхдээ тэнүүлэхийг хүсдэггүй ч хүүхдүүд нь тэнээд явчихдаг аж.  Нэгдсэн арга хэмжээний үеэр саатуулсан 157 хүүхдийг зурагтай нь бүртгэлжүүлж, хувийн хэрэг нээсэн агаад хүүхэд тус бүрийн хэрэгцээг тодорхойлох үнэлгээг хийж, засаг захиргааны харъяаллыг нь тодорхой болгожээ. Мөн хүүхэд бүрийг дулаан хувцастай болгож, 111 хүүхдийг гэр бүлд нь хүлээлгэн өгсөн байна.
    Уулзалтын төгсгөлд талууд хараа хяналтгүй явдаг, бүртгэгдсэн 157 хүүхдэд үзүүлэх нийгмийн ажил үйлчилгээг хүүхэд хамгааллын мэргэшсэн 6-н төрийн бус байгууллагад гэрээгээр шилжүүлэн гүйцэтгүүлэхээр боллоо.