Нийслэлийн Нийтийн тээврийн газарт эрх шилжүүлэх тухай

2010-01-18 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуулийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

     Нэг. Бүс орон нутгийн хөгжлийг дэмжих чиглэлээр улсын төсвийн хөрөнгөөр 2010 онд санхүүжих Баянгол дүүргийн нутаг дэвсгэрийн Автобусны буудлууд, талбайн тохижуулалт 200,0 /хоёр зуун/ сая төгрөгийн ажлын худалдан авах ажиллагааны эрхийг нийслэлийн Засаг даргаас Нийтийн тээврийн газрын дарга П.Наранцэцэгт шилжүүлэн, худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн 2010 оны 2 дугаар сарын 1-ний дотор зарлаж, 4 дүгээр сарын 1-ний дотор тендер шалгаруулалтыг дүгнэж дуусган гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж ажлыг эхлүүлэхээр зохион байгуулан, гүйцэтгэл үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг даалгасугай.

     Хоёр. Хөрөнгийн зарцуулалтад нь хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Ж.Эрдэнэбилэг/-т, ажлын гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар /Н.Нацагдорж/, Авто замын газар /Д.Од/, хөрөнгө оруулалтаар бий болсон өмчийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

     Гурав. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж, хууль тогтоомжийн дагуу холбогдох арга хэмжээг цаг тухайд нь авч ажиллахыг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзоригт үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР