Сахилгын шийтгэл ногдуулах тухай

2010-02-08 00:00:00

     Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын 2009 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний үр дүнгээр "Ажил сайжруулах шаардлагатай" үнэлгээ авсан Хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай төвийн захирал Ц.Нарандэлгэр, Амьдрах ухаан сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал Д.Эрдэнэтунгалаг, Соёлын төв өргөөний захирал Б.Байгалмаа, Гэрлэх ёслолын ордны захирал Х.Оюунчимэг, 2 дугаар амаржих газрын дарга Б.Оюунханд, Хүүхдийн ордны захирал Б.Ишцог, Мал эмнэлгийн газрын дарга Д.Урансүрэн, Хүүхдийн төлөө газрын дарга С.Алтанцэцэг, Боловсролын газрын дарга Д.Энхбаяр нарын албан тушаалын сарын үндсэн цалинг 3 сарын хугацаагаар тус бүр 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсугай.

     Хоёр."Ажил сайжруулах шаардлагатай" үнэлгээ авсан дээрх байгууллагуудын удирдлагууд үйл ажиллагаандаа дүгнэлт хийж ажлаа сайжруулах талаар тодорхой арга хэмжээг зохион байгуулах, энэ ажлын үр дүнг 2010 оны 2 дугаар улиралд багтаан үнэлж, дүнг Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг Нийслэлийн Засаг даргын орлогч нарт үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР