Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай

2010-07-05 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2 дахь хэсэг, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32.1.3 дахь заалт, Газрын тухай хуулийн 42.1 дэх заалтуудыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн Засаг даргын 2010 оны 22 дугаар захирамжаар Улсын төсвийн хөрөнгөөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт шинээр баригдах 1.2 км, 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинээр баригдах 0,9 км, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт шинээр баригдах 1,4 км, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд шинээр баригдах 0.8 км авто замын.трасст орсон иргэнд өмчлөгдсөн газар болон бусдын эзэмшилд байгаа үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг хавсралтаар баталсугай.

     Хоёр. Нэр бүхий 67 иргэнд нөхөх олговрыг гэрээнд заасан хугацаанд 2010 оны газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэхэд батлагдсан хөрөнгөнөөс гаргахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

     Гурав. Иргэний өмчилсөн болон эзэмшил газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай тохиролцон байгуулж, нөхөх олговрыг олгосны дараа гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг нийслэлийн Газрын алба /Ц.Сандуй/-нд даалгасугай.

     Дөрөв. Энэхүү захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч   /Б.Мөнхбаатар/-д үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР