Нийтийн эзэмшлийн зам талбайн ашиглалтыг сайжруулж, тохижуулах тухай

2010-04-19 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь

      Нэг. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 115 дугаар тогтоолоор батлагдсан "Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа барьж ашиглах тухай журам"-ын дагуу явган болон авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж зөвшөөрөлгүй баригдсан төрөл бүрийн хашаа, хайсыг буулган цэгцлэж нийтийн эзэмшлийн зам талбайн ашиглалтыг сайжруулж автомашины зогсоолын талбайг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны зайлшгүй шаардлагаар байх хашааны өнгө үзэмжийг сайжруулах, хот тохижилтын ажилтай уялдуулан ногоон байгууламж бүхий хэсгийг тусгаарлах хайсыг нэгдсэн хэв загварт оруулах ажлуудыг тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар /Э.Хүрэлбаатар/, нийслэлийн Газрын алба /Ц.Сандуй/, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хот, нийтийн аж ахуйн хэлтэс /Ц.Тунгалаг/-т тус тус үүрэг болгосугай.

     Хоёр. Журмыг хэрэгжүүлэх ажлыг нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагуудаас эхлүүлж 2010 оны 5 дугаар сард багтаан өөрсдийн хүч хөрөнгөөр буулгаж хот нийтийн аж ахуйн байгууламжуудыг нөхөн сэргээх ажлыг зохион байгуулахыг дүүргүүдийн Засаг дарга нар, нийслэлийн Газрын алба /Ц.Сандуй/-нд даалгасугай.

     Гурав. "Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа барьж ашиглах тухай журам"-ыг иргэд, олон нийтэд сурталчилан таниулах, хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэхэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор хэвлэл, мэдээллийн хэрэгслэлээр
сурталчилан танилцуулах ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба /Д.Сайнбаяр/-нд үүрэг болгосугай.

     Дөрөв. Хашаа, хайс байсан газарт ногоон байгууламж, усан оргилуур бүхий тохижилтын зураг төсөл боловсруулж батлах, хэрэгжүүлэх ажилд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар /Э.Хүрэлбаатар/, нийслэлийн Зураг төслийн хүрээлэн /С.Цахиур/-нд тус тус даалгасугай.

      Тав. Дээрхи ажил, арга хэмжээг үлгэр жишээ сайн гүйцэтгэж хэрэгжүүлсэн байгууллага, аж ахуйн нэгжийг Нийслэлийн Засаг даргын нэрэмжит шагналаар шагнаж урамшуулах журмыг боловсруулж батлуулан мөрдөж ажиллахыг Захирагчийн ажлын алба /Ч.Бат/-нд даалгасугай.
 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР