Ажилгүй иргэд амьдралаа дээшлүүлэх урам зориг дүүрэн байна

2011-07-22 00:00:00

Нийслэлийн Засаг даргын санаачлагаар НХХЯ, ХХААХҮЯ-тай хамтран “Нийслэлийн ажилгүй иргэдийг бүлгийн зохион байгуулалттайгаар газар тариалан эрхлүүлэх” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа. Хотын даргын үүрэг өгсний дагуу Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр газар дээр нь очиж байдалтай танилцан, иргэдийн санал бодлыг сонслоо. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Тарвагатайн ам хэмээх газарт зургаан дүүргийн ажил хөдөлмөр эрхлэх хүсэлтэй, ажилгүй 800 иргэнд хүнсний ногоо тариалах 200 га газар олгосон. Тэд 20, 20-иороо бүлэг болж, нийтдээ 40 бүлэг болон ажиллаж байгаа бөгөөд нийт талбайн 70 хувьд нь төмс, үлдсэн 30 хувьд нь манжин, лууван тариалжээ.
Энэ хавар санаачилж эхэлсэн ажил одоо намар арвин ургац хурааж авах итгэл дүүрэн хүмүүсийн зүтгэлээр үргэлжилж байна. Газрыг хашаалах, боловсруулах, үр суулгах, худаг ус гаргах, цахилгааны эх үүсвэр татах зэрэг ажлуудыг нэгдсэн зохион байгуулалттайгаар хийж өгсөн агаад одоо иргэд ногоогоо услах, арчлах зэрэг ажлуудыг бүлэг, бүлгээрээ хариуцан хийж байна. Хэдийгээр энэхүү ажил нь улирлын онцлогтой ч гэсэн хэрэв иргэд сайн хөдөлмөрлөж чадвал өрхийнхөө хүнсний ногооны хэрэгцээг хангаад зогсохгүй илүү гарсныг нь зарж борлуулан амьжиргаагаа дээшлүүлэх боломжтой юм. Тарвагатайн аманд ногоо тариалж буй иргэд маш зөв зүйтэй ажил санаачилж, төрөл бүрээр дэмжлэг үзүлж байгаад талархал илэрхийлж, цааш цаашдаа хийхээр төлөвлөж буй ажлуудынхаа талаар ч сонирхуулж байсан. Ирэх жилээс усжуулалтын системтэй болгох, эко ОО-той, ажиллаж буй иргэд амарч тухлах байртай болгох зэргээр төлөвлөсөн ажлууд ч олон байгааг хотын даргын орлогч иргэдэд танилцуулаад, намар арвин ургац авахыг хүсэн ерөөлөө.