Татвар төлөгч иргэн болон үл хөдлөх эдхөрөнгийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд шинэчлэх, орон нутгийн төсвийн орлогынэх үүсвэрийг нэмэгдүүлэхэд зарим аргахэмжээний тухай

2010-12-02 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Орон нутгийн төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг нэмэгдүүлэх, татвар төлөгч иргэн болон үл хөдлөх эд хөрөнгийн татвар төлөгчдийн бүртгэлийг шинэчлэх, үйл ажиллагааны чиглэлийг тогтоон баталгаажуулж үе шаттайгаар хэрэгжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс/Э.Ганхүү/, нийслэлийн Татварын газар /С.Энхбаатар/-т даалгасугай.

     Хоёр. Татвар төлөгч иргэн болон үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн тогтолцоог шинэчлэх, орон нутгийн төсвийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх ажилд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг нийслэл болон дүүргүүдийн төсөвт тусган санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, дүүргийн Засаг дарга нарт даалгасугай.

     Гурав. Нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээд, иргэдийг бүртгэлжүүлэх, гэрчилгээжүүлэх, хувийн тэмдэгтэй болгох ажлын бэлтгэлийг ханган 2011 оноос хэрэгжүүлэхийг нийслэлийн Татварын газар /С.Энхбаатар/, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Бямбасүрэн/, нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс / Ж.Долгормаа/, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

     Дөрөв. Улаанбаатар хотын үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээжүүлэх, нийслэлийн хэмжээний нэгдсэн бүртгэлийн сан бүрдүүлэх, программ хангамжийн болон бусад асуудлыг шийдвэрлэх, зохион байгуулалтын арга хэмжээ авч, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг нийслэлийн Татварын газар /С.Энхбаатар/, нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/, Мэдээллийн технологийн газар /Ш.Гантөмөр/-т үүрэг болгосугай.

     Тав. Хорооны иргэний болон татвар төлөгч иргэний бүртгэлийг боловсронгуй болгох, уялдаа холбоог сайжруулах, тогтвортой хангах ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Ц.Болдсайхан/, нийслэлийн Татварын газар /С.Энхбаатар/, Мэдээллийн технологийн газар /Ш.Гантөмөр/, нийслэлийн Бүртгэлийн газар /Г.Анхныбаяр/, дүүргийн Засаг дарга нарт даалгасугай.

     Зургаа. Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзоригт үүрэг болгосугай

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР