Захирамжид өөрчлөлт оруулах тухай

2011-03-25 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

     Нэг. Нийслэлийн Засаг даргын 2010 оны "Жагсаалт батлах тухай" 566 дугаар захирамжийн даатгалаас санхүүжиж байгаа хувийн хэвшлийн эмнэлгүүдийн хавсралтийн нэгдүгээрт бичигдсэн Баянгол эмнэлгийн орны тоог 40, сонгон шалгаруулалтад шинээр орсон эмнэлэг, сувилалуудын дөрөвдүгээрт бичигдсэн "Мишээл "эмнэлгийн орны тоог 30 болгон тус тус өөрчилсүгэй.

     Хоёр. Буда, Мандахгал эмнэлэг тус бүрийн 10 орыг Филошийп эмнэлэгт шилжүүлэн 2011 оноос Буда, Мандахгал эмнэлгүүд амбулаторийн чиглэлээр, Филошийп эмнэлэг 30 ортойгоор ор бүхий эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад тусгай зөвшөөрөл олгох комиссын 2010 оны 10 дугаар сарын 25-ны хурлаар шийдвэрлэгдсэн тул Нийслэлийн Засаг даргын 2010 оны "Жагсаалт батлах тухай" 566 дугаар захирамжийн хавсралтын сонгон шалгаруулалтад шинээр орсон эмнэлэг, сувилалуудын 13, 15 дугаарт бичигдсэн Буда, Филошийп эмнэлгүүдийн орыг нэгтгэн Филошийп эмнэлгийн ажиллах нийт 30 орны 20 орыг Эрүүл мэндийн даатгалд хамруулсугай.

     Гурав. Дээрх өөрчлөлт орсон эмнэлгүүдтэй Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт олгох гэрээ байгуулж ажиллахыг нийслэлийн Нийгмийн даатгалын газар /Д.Гонгор/-т зөвшөөрсүгэй.

     Дөрөв. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаад үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР