Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай

2014-04-24 00:00:00
2014 оны 04 сарын 24 өдөр                                                    дугаар А/327                            Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйл ажиллагааг боловсронгуй болгох, иргэдэд чирэгдэлгүй, түргэн шуурхай үйлчлэх, мэдээллээр хангах үйл ажиллагааны талаар Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв /Л.Батцоож/-д даалгах нь:
1.1. Тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлсэн талаар тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд мэдээлэх, лавлагаа өгөх мэдээллийн нэгдсэн систем бий болгох;
1.2. Тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлсэн болон бусад үйлчилгээний хураамжийг бэлэн бусаар авах тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлэх;
1.3. Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгсэлд дугуй түгжигч ашиглах, үйлчилгээний хураамж авах журам, тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлсэн үйлчилгээний хураамжийн хэмжээг тогтоох асуудлыг  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэх;
1.4. Тусгай зориулалтын ачигч, чирэгч автомашиныг хянах зорилгоор байршил тогтоогч, хурд хэмжигч суурилуулах;
2. “Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв” /НӨҮГ/-ийн дүрэм, бүтэц орон тоог шинэчлэн батлуулахыг Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв /Л.Батцоож/-д үүрэг болгосугай.
3. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан Ачиж журамлах албанд гарах нэмэлт зардлыг Замын хөдөлгөөний удирдлагын төвийн 2013 оны үйл ажиллагааны хэмнэлт, үйл ажиллагааны орлогын давалт 61,363,523 /жаран нэгэн сая гурван зуун жаран гурван мянга таван зуун хорин гурван/ төгрөгөөс санхүүжүүлж, ажиллахыг Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв /Л.Батцоож/-д зөвшөөрсүгэй.
4. Захирамжийн биелэлтэнд нь хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралд даалгасугай.
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА 
БӨГӨӨД  УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                 Э.БАТ-ҮҮЛ