Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох, тээвэрлэхийг түр хориглох, хүнд даацын автомашины тээвэрлэлтэд тавигдах хяналтыг эрчимжүүлэх тухай

2014-04-18 00:00:00
2014 оны 04 сарын 18 өдөр                                                     дугаар А/293                           Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ийн “н”, 29.2, Автозамын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4, 17 дугаар зүйлийн 17.2.4, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн       ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашиглаж буй аж ахуйн нэгжүүд өөрсдийн хөрөнгөөр технологийн хатуу хучилттай автозам, ложистикийн төв байгуулах хүртэл олборлох, нийслэлийн нутаг дэвсгэрээр тээвэрлэлт хийхийг түр хориглож хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/, нийслэлийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн асуудал эрхэлсэн дэд дарга Ч.Жаргалсайхан, Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар, Сонгинохайрхан дүүрийн Засаг дарга М.Чинболд, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг нарт, технологийн хатуу хучилттай авто зам, ложистикийн төв байгуулахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллахыг нийслэлийн Авто замын газар /Д.Нанзаддорж/-т тус тус үүрэг болгосугай;
2. Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний дагуу байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулж, эвдэгдсэн газрын хэмжээг тогтоож тухайн талбайн 75-аас доошгүй хувийг тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдээр нөхөн сэргээлгэх ажлыг зохион байгуулах, шаардлагатай бол тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэхийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/, Байгаль орчин, ногоон хөгжлийн газар /Г.Болормаа/-т тус тус үүрэг болгосугай;
3. Нийслэлийн нутаг дэвсгэрт ачаа тээвэрлэлтийн журам боловсруулан батлуулж хэрэгжилтийг хангуулж ажиллахыг нийслэлийн Тээврийн газар /Ч.Энхбат/-т үүрэг болгосугай;
4. Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй цемент зуурмагны үйлдвэрүүд, барилга барьж буй барилгын компаниудыг хашаан дотроо болон засмал зам руу нийлэх хэсэгт  тээврийн хэрэгслийн дугуйг  цэвэрлэх   зориулалтын талбайтай  болгох, шаардлагыг биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгохгүй байхыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /Н.Нацагдорж/, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-очир/, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ /Д.Энхсайхан/-т тус тус үүрэг болгосугай;
4. Дээрх захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ нарт үүрэг болгосугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                       Э. БАТ-ҮҮЛ