Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажил зохион байгуулах тухай

2014-03-04 00:00:00
2014 оны 03 сарын 04 өдөр                                                    дугаар А/145                                      Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа,  нутаг дэвсгэрийн нэгж,  түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 “а”,  29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5.10 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны “Хөрөнгө гаргах тухай” 66 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны “Журам батлах тухай” 44 дүгээр тогтоолыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ  нь:
1. Нийслэлийн нутаг дэвсгэр дэх малд шүлхий  өвчнөөс урьдчилан сэргийлэх           1 дүгээр ээлжийн вакциныг 2014 оны 03 дугаар сарын  03-ны өдрөөс  03 дугаар сарын    10-ны өдрийн хооронд бүрэн хамруулж, 2 дахь ээлжийн вакцинжуулалтыг  03 дугаар сарын 24-ний өдрөөс 04 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд давтан вакцинжуулсугай.
2. Вакцинжуулалтын ажилд мал бүхий иргэд, аж ахуйн нэгж, орон нутгийн төрийн захиргааны байгууллагуудыг татан оролцуулан, ажиллах хүн хүч, тээврийн хэрэгслээр  ханган ажиллаж, тогтоосон хугацаанд вакцинжуулалтын ажлыг шуурхай зохион  байгуулахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
3. Гоц  халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг тогтоосон хугацаанд зохион байгуулж шаардагдах вакцин, эм урвалж, халдвар хамгааллын хувцас, халдваргүйтгэлийн  бодис, бусад материалаар ханган  мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажлын явцад хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мал эмнэлгийн  газар /А.Нарантуяа/, Онцгой байдлын газар /Н.Уламбаяр/,  Мэргэжлийн хяналтын газар /С.Ням-Очир/  нарт тус тус үүрэг болгосугай.
4.Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажилд шаардагдах 88.102.900 /наян  найман сая нэг зуун хоёр мянга есөн зуун/ төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
5.  Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ үүрэг болгосугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                    Э.БАТ-ҮҮЛ