“Хорека Улаанбаатар-2014” үзэсгэлэн, “Найрсаг Улаанбаатар” олон улсын тэмцээн зохион байгуулах тухай

2014-03-04 00:00:00
2014 оны 03 сарын 04 өдөр                                                дугаар А/144                                          Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5 “а”, 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны “Журам батлах тухай” 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, импортын бүтээгдэхүүнийг орлох чадвартай дотоодын бүтээгдэхүүнээр аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын хэрэгцээг хангах зорилготой “Хорека Улаанбаатар-2014” үзэсгэлэн, зочид буудал, зочлох үйлчилгээний салбарын мэргэжлийн аварга шалгаруулах “Найрсаг Улаанбаатар” олон улсын тэмцээнийг 2014 оны 4 дүгээр сарын 04-06-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулахыг Аялал жуулчлалын газар /Э.Баттулга/-т даалгасугай.
2. “Хорека Улаанбаатар-2014” үзэсгэлэн зохион байгуулах удирдамжийг нэгдүгээр, “Найрсаг Улаанбаатар” олон улсын тэмцээн зохион байгуулах удирдамжийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
3. “Найрсаг Улаанбаатар” олон улсын тэмцээн зохион байгуулахад шаардагдах 39,845,000 /гучин есөн сая найман зуун дөчин таван мянган/ төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
4. Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд даалгасугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                          Э.БАТ-ҮҮЛ
 
 
 
 
                                                                  
 
 
 
 
 
 
 
Нийслэлийн  Засаг  даргын  2014 оны
03 дугаар сарын 04-ний  өдрийн
А/144 дүгээр захирамжийн 1 дүгээр     хавсралт
 
 
 
 
 
ЗОЧИД БУУДАЛ, ЗООГИЙН ГАЗРЫН ХАНГАМЖИЙН
ХОРЕКА УЛААНБААТАР-2014” ҮЗЭСГЭЛЭНГИЙН УДИРДАМЖ
Нэг. Зорилго:
 
Үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, импортын бүтээгдэхүүнийг орлох чадвартай дотоодын бүтээгдэхүүнээр аялал жуулчлал, зочид буудал, зочлох үйлчилгээний салбарын хэрэгцээг хангах, аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг сурталчлах, хэрэглэгч үйлдвэрлэгчийг холбох, хамтын ажиллагааны гэрээ хэлцэл байгуулах боломжийг бүрдүүлэхэд энэхүү үзэсгэлэнгийн зорилго оршино.
Хоёр. Зохион байгуулагчид:
Үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагчаар Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Зочид буудлуудын холбоо ажиллана.
Гурав. Хугацаа, зохион байгуулах газар:
 “Хорека Улаанбаатар-2014” зочид буудал, зоогийн газрын хангамжийн үзэсгэлэн нь  2014 оны 04 дүгээр сарын 04-06-ны өдрүүдэд Мишээл экспо үзэсгэлэнгийн төвд явагдана.
Дөрөв. Хамрах хүрээ, бүртгэл:
Зочид буудал, дэн буудал, амралтын газар, жуулчны бааз, зоогийн газарт хэрэгцээтэй  бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, нийлүүлэгчид оролцох боломжтой. Өмнөх жилүүдийн адил  мэдээллийн технологийн компаниуд, тоног төхөөрөмж нийлүүлэгчид, ундаа, ус үйлдвэрлэгчид, хүнсний үйлдвэрлэл, ахуйн хэрэглээ, шил шаазан эдлэл, оёмол бүтээгдэхүүн, бэлэг дурсгал үйлдвэрлэгчид, даатгал, тийзийн үйлчилгээ эрхлэгчид мөн оролцох боломжтой. Үзэсгэлэнд оролцох байгууллагууд нь Нийслэлийн Аялал жуулчлалын газрын www.tourism.ub.gov.mn цахим хуудаснаас үзэсгэлэнгийн талбайн хуваарь, бүртгэлийн маягтыг татан авч бүрэн бөглөж ирүүлнэ. Мөн Нийслэлийн Аялал жуулчлалын газрын мэдээлэл, сурталчилгааны төвд өөрийн биеэр ирж бүртгүүлэх боломжтой. Бүртгэл 2014 оны 02 дугаар сарын 20-ноос 04 дүгээр сарын 01-нийг хүртэл явагдана.                                                                                                              
Тав. Шалгаруулалтын төрөл, шагнал:
Үзэсгэлэнгийн шилдэг оролцогчдыг 2014 оны 04 дүгээр сарын 06–ны Ням гаригт 3 төрлөөр /Шилдэг оролцогч байгууллага, Үзэгчдийн таашаалд нийцсэн байгууллага, Шилдэг санаачлагч байгууллага/ шалгаруулна.
 
Нийслэлийн  Засаг  даргын  2014 оны
03 дугаар сарын 04-ний  өдрийн
А/144 дүгээр захирамжийн 2 дугаар  хавсралт
 
 
 
 
 
“НАЙРСАГ УЛААНБААТАР” ЗОЧИД БУУДАЛ, ЗОЧЛОХ
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН МЭРГЭЖЛИЙН АВАРГА
ШАЛГАРУУЛАХ ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ
 
 
Нэг. Зорилго, ач холбогдол:
 
Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа дээд зэрэглэлийн зочид буудал, зоогийн газрын үйлчилгээний ажилтнуудын мэргэжлийн ур чадвар, түвшин тогтоох, гадаад улс орны ижил мэргэжлийн ажилтнуудтай туршлага солилцох боломжийг бүрдүүлэх, зочлох үйлчилгээний салбарын ажил мэргэжлийг сурталчлахад энэхүү тэмцээний зорилго оршино.
Хоёр. Тэмцээний төрлүүд:
 
Олон улсын тэмцээн нь дараах төрлүүдээр явагдана. Үүнд:
-       Үйлчилгээний менежер
-       Зочин хүлээн авагч
-       Өрөөний үйлчлэгч
-       Тогооч
-       Зөөгч
-       Угаалгын ажилтны аварга шалгаруулах тэмцээн
-       Зоогийн газрын мастер тогооч нарын “Хоол урлаг” бүтээлийн үзэсгэлэн
-       Шилдэг ширээ засалтын үзүүлбэр
-       Бартендерийн үзүүлбэр
Гурав. Зохион байгуулагчид:
            Ерөнхий зохион байгуулагчаар Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Зочид буудлуудын холбоо, хамтран зохион байгуулагчаар Монголын Тогооч нарын холбоо, дүүргүүдийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэсүүд ажиллана.
Дөрөв. Хугацаа, зохион байгуулах газар:
 “Найрсаг Улаанбаатар” зочлох үйлчилгээний салбарын мэргэжлийн аварга шалгаруулах олон улсын тэмцээн нь  2014 оны 04 дүгээр сарын 04-05-ны өдрүүдэд Мишээл экспо үзэсгэлэнгийн төвд явагдана.
Тав. Оролцогчдын хамрах хүрээ, бүртгэл:
Тэмцээнд Улаанбаатар хот, бусад аймаг болон гадаад орны 3-с дээш одны зэрэглэл бүхий зочид буудлын ажилтнууд баг болж оролцоно.
Тэмцээнд оролцох зочид буудал нь дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
2
-     Тэмцээнд оролцох тухай зочид буудлын захиргааны албан хүсэлт
-     Багийн гишүүдийн ажлын байран дээр авхуулсан гэрэл зураг, туршлагын талаарх мэдээлэл бүхий товч анкет
-     Багийн гишүүдийн ажлын үнэмлэхийн хуулбар
            Оролцогч багуудын бүртгэл 04 дүгээр сарын 01-нийг хүртэл Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Мэдээлэл, сурталчилгааны төвд явагдана.
 Зургаа. Тэмцээний үндсэн шалгаруулалт:
Мэргэжил тус бүрээр ур чадварын уралдаант ажилбарууд явагдах бөгөөд 100 онооны системээр үнэлнэ. Мэргэжлийн төрөл бүрд хамгийн өндөр оноо авсан оролцогч “Ажил мэргэжлийн аварга” цол хүртэх болзол хангана. Багийн оролцогч тус бүрийн авсан онооны нийлбэрээр багийн нийт оноог гаргаж “Мэргэжлийн аварга баг”-ийг шалгаруулна.
 
Тэмцээнийг зочид буудал, зочлох үйлчилгээний салбарын шилдэг мэргэжилтэн, багш нар багтсан 5 хүний бүрэлдэхүүнтэй шүүгчдийн баг шүүн явуулна.
Мэргэжил бүрийг дараах суурь шалгуураар үнэлнэ.
1.    Зочин хүлээн авагчийн төрөлд оролцогчид нь сугалаа сугалж, өгөгдсөн даалгаврыг англи хэл дээр гүйцэтгэнэ.
2.    Өрөөний цэвэрлэгээ үйлчилгээний төрөлд оролцогч нь технологи ажилбарыг нормативын дагуу тогтоосон хугацаанд гүйцэтгэнэ.
3.    Зөөгчийн төрөлд оролцогч нь зочинд үйлчлэх, хоол олгох, дарс онгойлгож хундагалах ажиллагааг технологийн дагуу гүйцэтгэнэ.
4.    Тогоочийн төрөлд оролцогч нь тогтоосон хугацаанд 3-аас  доошгүй төрлийн өглөөний хоолны иж бүрдлийг хийж гүйцэтгэнэ.
5.    Угаалгын төрөлд оролцогч нь үндсэн ажилбарыг технологийн дагуу хийж гүйцэтгэнэ.
6.    Менежерийн төрөлд оролцогч нь өгөгдсөн даалгаврын дагуу ажил гүйцэтгэж багаар ажиллах, шийдвэр гаргах, илтгэл хэлэлцүүлэх чадвараа үнэлүүлнэ.
Долоо. Шагнал:
-  Мэргэжил бүрээр 1 дүгээр байр эзэлсэн оролцогчид “Ажил мэргэжлийн аварга” цол өргөмжлөл, мөнгөн шагнал
- Мэргэжил бүрээр 1 оролцогчид тусгай байр өргөмжлөл, мөнгөн шагнал
- Тэргүүн байр эзэлсэн багт “Мэргэжлийн аварга баг” цол, мөнгөн шагнал, шилжин явах цом.