Хөрөнгө оруулалтын ажлын хяналтыг сайжруулах тухай

2014-03-04 00:00:00
2014 оны 03 сарын 04 өдөр                                                        дугаар А/143                                  Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 “а”, 29.2,   Барилгын тухай хуулийн              7 дугаар зүйлийн 7.2.6, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.7, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5 дахь заалтыг тус  тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
Нэг. Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн 2014 оны 02 дугаар сарын 13,     20-ны өдрийн ээлжит хурлын тэмдэглэлийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан авто зам, барилга байгууламжийн ажилд дутагдал гаргасан байгууллага, албан тушаалтантай хариуцлага тооцох зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлсүгэй.
1.1.Авто зам, барилга байгууламжийн ажил нь дутуу, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гүйцэтгэгч аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалтыг холбогдох байгууллагуудаас нэгтгэн авч, нийтэд зарлуулахыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд үүрэг болгосугай.
1.2.Дээрх зөрчил гаргасан гүйцэтгэгч аж ахуйн нэгж байгууллагыг шалгаруулсан Үнэлгээний хорооны гишүүд, уг авто зам, барилга байгууламжийн ажлыг хүлээн авсан Улсын комиссын бүрэлдэхүүнийг нийтэд зарлуулан, хуулийн дагуу хариуцлага тооцуулах санал боловсруулах ажлыг Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс /С.Отгонгэрэл/, Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэс /Х.Гантулга/, нийслэлийн Дотоод аудитын алба /Ш.Нацагдорж/-нд тус тус үүрэг болгосугай.
1.3.Нийслэлийн нутаг дэвсгэрт улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр баригдсан дутуу гүйцэтгэлтэй, чанарын шаардлага хангаагүй авто зам, барилга байгууламжийн  ажлын зураг төслийг боловсруулсан, уг зураг төсөлд экспертиз дүгнэлт гаргасан, зохиогчийн хяналт  тавих үүргээ биелүүлээгүй, барилга угсралтын ажлын гүйцэтгэлд техникийн хяналт тавиагүй байгууллага, албан тушаалтны жагсаалтыг гаргаж, нийтэд зарлуулахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/, нийслэлийн Дотоод аудитын алба       /Ш.Нацагдорж/-нд тус тус үүрэг болгосугай.
2
Хоёр. Цаашид нийслэлийн нутаг дэвсгэрт улсын болон нийслэлийн хөрөнгөөр хийгдсэн зам, барилга байгууламжийн ажлын  шаардлага хангаагүй, дутуу гүйцэтгэсэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгж, байгууллагыг дахин худалдан авах ажиллагааны шалгаруулалтанд оролцуулж шалгаруулсан;  техникийн нөхцлийг зөрчиж барилга барьсан аж ахуйн нэгж, иргэнд дахин барилга угсралтын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосон; албан тушаалаа урвуулан ашигласан, эрх мэдлээ хэтрүүлсэн байж болзошгүй албан тушаалтнуудад хариуцлага тооцох санал боловсруулж шийдвэрлүүлэх, шаардлагатай бол хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулахыг нийслэлийн Засаг даргын Ниймгийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд үүрэг болгосугай.
 Гурав. Дээр дурьдсан үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлах нэг сарын аяныг 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зохион байгуулахыг Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /Б.Түвшинтөгс/-т үүрэг болгосугай.
Дөрөв. Захирамжийн хэрэгжилтийн үр дүнг 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулахыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч  Ц.Энхцэнгэлд үүрэг болгосугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                        Э.БАТ-ҮҮЛ