Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай

2014-01-13 00:00:00
2014 оны 01 сарын 10 өдөр                                                 дугаар А/09                                            Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-ийн “б”, 29.1.6-ын “а”, 29.2, 39 дүгээр зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны “Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний талаар авах зарим арга хэмжээний тухай” 138 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны “Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зохион байгуулалтын зарим арга хэмжээ авах тухай” 4/14 дүгээр тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 13/51 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор томоохон худалдааны төв, захуудын хөдөлгөөний чиглэлд өөрчлөлт оруулах, уулзваруудын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, амралтын өдрүүдээр буюу 2014 оны 01 дүгээр сарын 18, 25-ны бямба гаригуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор төгссөн, 01 дүгээр сарын 19, 26-ны ням гаригуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн авто тээврийн хэрэгслийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны         2/08 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан хязгаарлалтын бүсэд           10:00-20:00 цагийн хооронд авто замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлах, энэ хугацаанд гэр хорооллоос Нарантуул Олон улсын худалдааны төвийн чиглэлд буухиа автобус явуулах зохицуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Авто замын ачааллыг зохицуулах арга хэмжээг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсэг /Н.Гантөмөр/, Улаанбаатар хотын Ерөнхий менежер /Б.Бадрал/-т тус тус үүрэг болгосугай.    
 
2. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2014 оны 01 дүгээр сарын 18, 25-ны бямба гариг, 01 дүгээр сарын 19, 26-ны ням гаригуудад Дэнжийн мянгын авто замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд, далангаас зүүн тийш Судалт төвийн /хуучнаар/ уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд 06:00-18:00 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнд оруулж зохицуулалтын арга хэмжээ авч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахыг нийслэлийн Замын цагдаагийн газар /Ч.Жаргалсайхан/, шаардлагатай тэмдэг, хаалт байрлуулахыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /Д.Энхсайхан/, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах, авто замын ачааллыг бууруулах байршлуудын судалгааг гаргахыг нийслэлийн Авто замын газар /Д.Нанзаддорж/-т тус тус үүрэг болгосугай.
 
3. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Урт цагаан буюу Жуулчны гудамжны урд талбайн хөдөлгөөн зохион байгуулалтыг сайжруулах, автомашины түр зогсоол байгуулах, тэмдэг тэмдэглэгээ байрлуулахыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /Д.Энхсайхан/, нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, Чингэлтэй дүүрэг /Д.Ганболд/, хөдөлгөөн зохион байгуулалт, аюулгүй байдлыг хангаж ажиллахыг нийслэлийн Замын цагдаагийн газар /Ч.Жаргалсайхан/-т тус тус үүрэг болгосугай.
2
 
4. Томоохон худалдааны төв, захууд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан санамж бичгээр хүлээсэн үүргийн дагуу ажиллах, зам дагуу байрлалтай худалдааны төвүүд гаднах талбай, автомашины зогсоолд нэмэлт хүн гарган зохицуулалт хийж, түгжрэл саатал үүсгэхгүй байх талаар арга хэмжээ авч ажиллахыг худалдааны төв, захуудын эзэд, удирдлагуудад үүрэг болгосугай.
 
5. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нарантуул олон улсын худалдааны төвийн зүүн болон зүүн урд хэсэгт нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолын талбай байгуулах, эгнээ тусгаарлагч, тэмдэг тэмдэглэгээ хийх, Өгөөмөр захын зүүн талын контейнертай талбайг чөлөөлөх, хойшоо Халдварт өвчин судлалын үндэсний төвийн замтай холбогдох замын трасс гаргаж хөдөлгөөний нягтралыг сарниулах зохицуулалтын арга хэмжээ авахыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /Д.Энхсайхан/, нийслэлийн Авто замын газар /Д.Нанзаддорж/, нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, хөдөлгөөн зохион байгуулалт, аюулгүй байдлыг хангаж ажиллахыг Нийслэлийн Замын цагдаагийн газар /Ч.Жаргалсайхан/-т тус тус үүрэг болгосугай.
 
6. Авто замын ачааллыг бууруулах ажлын хүрээнд тухайн дүүргийн нутаг дэвсгэрт мах, цагаан идээний өргөтгөсөн худалдааг 2014 оны 01 дүгээр сарын 10-наас 01 дүгээр сарын 29-ний өдрүүдэд зохион байгуулахыг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
 
7. Нийтийн эзэмшлийн гудамж, замын гэрэлтүүлгийг сайжруулах, дүүргүүдийн гэр хорооллын гудамж замын гэрэлтүүлгийг асаах, шинээр нэмж тавихыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /Д.Энхсайхан/, дүүргүүдийн Засаг дарга нарт, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Захирагчийн ажлын алба /Б.Бадрал/-д тус тус даалгасугай.
 
8. Дээрх ажлуудад шаардагдах хавсралтаар батлагдсан хөрөнгийг Нийслэлийн 2014 оны замын сангийн хөрөнгийн магадлашгүй ажлын зардлаас 105 000 000 /нэг зуун таван сая/ төгрөг гаргахыг Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.
 
9. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч /Н.Гантөмөр/-д, олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /Б.Түвшинтөгс/-т тус тус үүрэг болгосугай.
           
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                      Э.БАТ-ҮҮЛ