Эрчим хүч болон ус хангамжийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангах тухай

2013-12-30 00:00:00
2013 оны 12 сарын 30 өдөр                                          дугаар А/1154                                 Улаанбаатар хот
 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 “д”, 29.2 дахь хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7,1-дэх хэсгийг үндэслэн Захирамжлах нь:
1.  Өвлийн оргил ачаалал эхэлж байгаа болон шинэ жил, цагаан сарын баярууд дараалан үргэлжлэхтэй  холбогдуулан  2013 оны 12 дугаар сарын 26-наас 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл эрчим хүч болон ус хангамжийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангаж, хариуцлагатай эргүүл, жижүүрийг томилж, үйлчилгээг түргэн шуурхай найдвартай үзүүлж ажиллахыг инженерийн хангамжийн болон ашиглалтын шугам сүлжээний нийт байгууллагын удирдлагуудад үүрэг болгосугай.
2.   Өвлийн их ачаалал, аваарын үед ажиллах хүн хүч, сэлбэг,  техник, тоног төхөөрөмж, санхүүгийн нөөцийг байнгын бэлэн байдалд байлгах зохион байгуулалтын арга хэмжээ авч, болзошгүй аваар, гэмтэл саатлын үед ажиллах төлөвлөгөөг гарган Улаанбаатар хотын ерөнхий менежерээр батлуулж ажиллахыг  Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ХК /Ж.Равдандорж/, Улаанбаатар Дулааны сүлжээ ХК /Р.Хайдав/, Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ХК /С.Төмөрхүү/, Ус сувгийн удирдах газар /С.Үнэн/, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар /С.Бямбажав/, Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар /З.Зандандүрэв/, Дулааны Цахилгаан Станц IV ТӨХК /Б.Цэвээн/,  Дулааны Цахилгаан Станц III ТӨХК /Д.Чимэддорж/, Дулааны Цахилгаан Станц II ТӨХК /С.Бямбаахүү/,  Диспетчерийн Үндэсний төв /Н.Түвшинтөгс/, нийслэлийн Онцгой байдлын газар /Н.Уламбаяр/  нарт тус тус үүрэг болгосугай.
3. Эрчим хүчний нэгдүгээр зэрэглэлийн хэрэглэгчдийг эрчим хүчээр тасралтгүй  хангах техник, зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ХК /С.Төмөрхүү/, халаалтын нэг болон хоёрдугаар хэлхээний горимыг тогтмол мөрдөж, хангуулж ажиллахыг Улаанбаатар Дулааны сүлжээ ХК /Р.Хайдав/,  Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар /С.Бямбажав/ нарт тус тус даалгасугай.
4. Энэ захирамжийг хэрэгжилтийн мэдээг өдөр бүр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтэст ирүүлэхийг нийт инженерийн хангамжийн болон шугам сүлжээний байгуулагуудын удирдлагуудад үүрэг болгосугай.
5. Энхүү захирамжийн хэрэгжилтэнд байнгын хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээг шуурхай зохион байгуулж ажиллахыг Улаанбаатар хотын ерөнхий менежер /Б.Бадрал/-т үүрэг болгосугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН         
САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
АСУУДАЛ ХАРИУЦСАН
ОРЛОГЧ                                                            Н.БАТАА