Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2013-12-17 00:00:00
2013 оны 12 сарын 12 өдөр                                            дугаар А/1097                                           Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4 дэх заалт, 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Монгол Улсын 2013 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай хууль, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны  “Нийслэлийн 2013 оны төсөвт тодотгол оруулах тухай” 4/46 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Санхүүжилтийн эх үүсвэр өөрчлөгдөн, нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжихээр батлагдсан Шинэ Яармаг орон сууцны хорооллын цэвэр усны насос станц усан сан, гүний худгийн гадна цахилгаан дамжуулах агаарын 10 кв-ын шугамын 620,0 /зургаан зуун хорин/ сая төгрөгийн ажлыг холбогдох хууль журамд нийцүүлэн гэрээ байгуулж, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн  Хөрөнгө оруулалтын газар /Л.Нарантуяа/-т даалгасугай.
 
2. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
АСУУДАЛ ХАРИУЦСАН
ОРЛОГЧ                                            Н.БАТАА