Нийслэлийн Эрүүл аюулгүй байдлын индексийн мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх тухай

2013-11-20 00:00:00
2013 оны 11 сарын 20 өдөр                                             дугаар А/1012                                          Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 “г”, 29.2, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
Нэг.Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/01 дүгээр захирамжаар батлагдсан “Эрүүл аюулгүй байдлын индекс тооцох аргачлал”-ыг  хэрэгжүүлэх ажлын хүрээнд Эрүүл аюулгүй байдлын индексийг тооцох мэдээллийн тогтолцоог хавсралтаар баталсугай.
 
Хоёр. Эрүүл аюулгүй байдлын индексийн шалгуур үзүүлэлтийг бодлогын 4 хүрээгээр хариуцан гаргаж нэгтгэх байгууллага, хэлтсийг дараах байдлаар баталсугай.
 
1.Бодлогын хүрээ-1 Хүрээлэн буй орчин, дэд бүтэц
                                          – Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба
 
2.Бодлогын хүрээ-2 Нийгэм ба хүний хөгжил
                                          –  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн                 
                                              хөгжлийн бодлогын хэлтэс
 
3.Бодлогын хүрээ -3 Эдийн засаг, санхүү  
                                          – Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, 
                                             төрийн сангийн хэлтэс
 
4.Бодлогын хүрээ-4 Засаглал
                                          – Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нутгийн
                                             захиргааны удирдлагын хэлтэс
 
Гурав.Эрүүл аюулгүй байдлын индексийн шалгуур үзүүлэлтийг үнэн, зөв,  бодиотой гаргаж, дүүргийн Засаг даргын Тамгын газарт ирүүлэхийг хороодын Засаг  дарга нарт, дүүргийн шалгуур үзүүлэлт, матрицыг хороо тус бүрээр гаргаж баталгаажуулан жил бүрийн 6, 11 дүгээр сарын 20-ны дотор бодлогын хүрээ тус бүрийн шалгуур үзүүлэлтийн мэдээллийг хариуцсан байгууллага, хэлтсүүдэд албан бичгээр болон холбогдох цахим хаягаар ирүүлж байхыг дүүргийн Засаг  дарга нарт даалгасугай.
 
Дөрөв.Эрхлэх үйл ажиллагааны чиглэлээр Эрүүл аюулгүй байдлын индексийн шалгуур үзүүлэлт, матрицыг 9 дүүрэг, 152 хорооны түвшинд гарган, баталгаажуулж жил бүрийн 6, 11 дүгээр сарын 20-ны дотор бодлогын хүрээ тус бүрийн тоон мэдээллийг хариуцсан байгууллага, хэлтсүүдэд албан бичгээр болон холбогдох цахим хаягаар ирүүлж байхыг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газрын дарга нарт үүрэг болгосугай.
 
Тав. Дүүргийн Засаг даргын Тамгын газар болон хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газар, хэлтсүүдээс ирсэн шалгуур үзүүлэлт, матрицыг бодлогын 4 хүрээгээр 9 дүүрэг, 152 хорооны түвшинд нэгтгэн гаргаж, жил бүрийн 6, 11 дүгээр сарын сүүлийн 7 хоногт багтаан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэст ирүүлэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба,  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэс, Нутгийн захиргааны удирдлагын хэлтэст тус тус үүрэг болгосугай.
 
Зургаа. Нийслэл, дүүргийн Эрүүл аюулгүй байдлын индексийн шалгуур үзүүлэлтийг бодлогын 4 хүрээгээр 9 дүүрэг, 152 хороогоор гарган нэгдсэн дүнг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар хагас, бүтэн жилээр хэлэлцүүлэн, дүгнүүлж ажиллахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т даалгасугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                   Э.БАТ-ҮҮЛ