Нөхөх олговор олгох тухай

2013-11-15 00:00:00
2013 оны 11 сарын 15 өдөр                                              дугаар А/1003                                         Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.2, Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3, 32.5.1, 32.5.2, 32.6, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 6/27 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:    
          
1. Барилга, хот байгуулалтын яамны “Улаанбаатар хотын VII, XIV, МҮОНРТ орчмын хорооллын орон сууц, дэд бүтцийн төсөл”-ийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо МҮОНРТ орчмын хорооллыг цэвэр усаар хангах усан сангийн барилгын ажил, Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/125 дугаар захирамжаар улсын төсвөөс нийслэлийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгээр хэрэгжүүлж байгаа Их тойрог 110кВ цахилгаан дамжуулах агаарын шугам дэд станцын төслийн хүрээнд Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын трасст орсон иргэдийн өмчлөлийн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг 1,2 дугаар хавсралтаар баталсугай.
 
2. Хавсралтад дурьдсан 9 иргэнд олгох нөхөх олговрын 352 380 828/ гурван зуун тавин хоёр сая гурван зуун наян мянга найман зуун хорин найм/ төгрөгийн нөхөх олговрыг нийслэлийн газар чөлөөлөх 2013 оны зардлаас санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.
 
3. Иргэдийн өмчлөлийн газар дээрх үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу  тохиролцон байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
            
4. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад үүрэг болгосугай.
                                                                                          
                          
                      
 
                             
                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                         БӨГӨӨД УЛААНБААТАР
                         ХОТЫН ЗАХИРАГЧ                                                     Э.БАТ-ҮҮЛ