Техникийн захуудын талаар авах зарим арга хэмжээний тухай

2013-10-30 00:00:00
2013 оны 10 сарын 30 өдөр                                               дугаар А/980                                           Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4  “В”, 29.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4 дэх заалт, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.3, 46 дугаар зүйлийн 46.1, 46.3, 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд барилгын материалын захуудыг Налайх дүүрэгт 130 га газарт, автомашин, техникийн захуудыг 22-ын товчоонд нүүлгэж 70 га газарт байршуулах төлөвлөгөөний дагуу эхний ээлжинд 22-ын товчоонд төлөвлөлт хийж таницуулахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /Н.Нацагдорж/-т даалгасугай.
 
2.Дээрх ажилтай холбогдуулан 22-ын товчооноос техникийн захын төлөвлөлт хийх байршил хүртэлх авто замыг тавих ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч /Н.Гантөмөр/-д, уг ажлын санхүүжилтийг 2014 оны нийслэлийн төсөвт тусган, батлуулахыг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч
/Н.Батаа/-д тус тус даалгасугай.
 
3.2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 20-ны дотор зориулалтын бус газарт автомашины худалдаа эрхэлж буй аж ахуй нэгж байгууллага, иргэдийн үйл ажиллагааг зогсоож, газрыг чөлөөлөх ажиллагаанд хяналт тавьж ажиллах ажлын хэсгийг нэгдүгээр хавсралтаар баталсугай.
 
 4.Барилгын материалын болон автомашин, техникийн захуудыг нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийг хоёрдугаар хавсралтаар баталсугай.
 
5.Энэхүү захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч /Н.Гантөмөр/-д үүрэг болгосугай.
 
 
 
 
                      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                      БӨГӨӨД УЛААНБААТАР
                      ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Э.БАТ-ҮҮЛ