Гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу сонгогдсон байршлуудад баригдах инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах тухай

2013-09-16 00:00:00
2013 оны 09 сарын 16 өдөр                                                    дугаар А/867                                      Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 4/12, 2013 оны 3/31 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж байгаа хорооллуудын инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах ажлын жагсаалтыг хавсралтаар баталсугай.
 
2.Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, инженерийн  шугам сүлжээний ажлын зургийн даалгаврыг яаралтай боловсруулж батлахыг  нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /Н.Нацагдорж/-т даалгасугай.
 
3.Батлагдсан зургийн ажлыг “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртлэх хөгжлийн чиг хандлага”, “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө”, “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-д нийцүүлэн боловсруулж, зохион байгуулахыг нийслэлийн Зураг төслийн хүрээлэн /С.Цахиур/-д даалгасугай.
 
4.Зураг төслийн ажлыг Нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжих 2013 онд шинээр баригдах, шинэчлэх авто зам, инженерийн  шугам сүлжээ, барилга байгуулалтын зураг төсөв, ТЭЗҮ, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилга хяналтын зураг төсөл боловсруулах хөрөнгөөс санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, Захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Л.Нарантуяа/-т, ажлын зураг төслийг хянаж батлахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /Н.Нацагдорж/-т, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшил, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.
 
5.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/61 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
 
6.Захирамжийн биелэлтэнд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгасугай.
 
 
 
 
                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
                                САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
                                АСУУДАЛ ХАРИУЦСАН
                                ОРЛОГЧ                                            Н.БАТАА