Халаалтын улирал эхлэх, дуусах хугацааг тогтоох тухай

2013-09-13 00:00:00
2013 оны 09 сарын 13 өдөр                                               дугаар А/861                                           Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 “д”, 29.2, 39 дүгээр зүйлийн 39.1, Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэл хотын байгаль, цаг уурын олон жилийн дундаж, энэ жилийн цаг агаарын ерөнхий төлөв байдлыг харгалзан нийслэлийн хэмжээнд 2013-2014 оны халаалт эхлэх, хаах хугацааг төвлөрсөн болон төвлөрсөн бус дулаанаар хангагддаг орон сууц, эмнэлэг, сургууль, хүүхдийн цэцэрлэгийн халаалтын хугацааг 2013 оны 09 дүгээр сарын 15-наас 2014 оны 05 дугаар сарын 15-ны хооронд, нийт аж ахуйн нэгж, байгууллагуудын халаалтын хугацааг 2013 оны 10 дугаар сарын 01-нээс 2014 оны 05 дугаар сарын 01-ний хооронд тус тус тогтоосугай.
 
2.Гадна агаарын температур огцом буурч өвлийн горим ажиллагаанд шилжихтэй холбогдуулан хотын дулаан хангамжийн хэвийн ажиллагааг тогтворжуулах, хадгалах шаардлагаар 2013 оны 10 дугаар сарын 15-наас ирэх оны 04 дүгээр сарын 01 хүртэлх хугацаанд дулааны шугамд шинээр хэрэглэгч холбох, төв ба салаа шугамаас огтолгоо хийх, аваар, ослын бус шалтгаанаар дулааны шугамын ажиллагааг зогсоохыг хориглосугай.
 
3.Дулааны эрчим хүч хэрэглэгчийн хүсэлт, төлбөр тооцоо, шугам тоноглолын гэмтлээс шалтгаалан дээр дурьдсан хугацаанаас өмнө буюу хойно дулаанаар хангах, хангагдах асуудлыг тухай бүрт нь гэрээгээр зохицуулах замаар шийдвэрлэхийг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК /Р.Хайдав/, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар /Ч.Бямбажав/, Халаалтын зуухны ашиглалт, зохицуулалтын газар /З.Занданпүрэв/ болон тусгай зөвшөөрөл эзэмшигч компани, ОНӨААТҮГ, аж ахуйн нэгж, байгууллагын дарга захирал нарт тус тус үүрэг болгосугай.
 
 4.Төвлөрсөн дулаан хангамжийн гидравлик тооцоог Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан техникийн зөвлөлийн хурлаар батлуулан, тооцооны дагуу 1 ба 2 дугаар хэлхээний даралтын горимыг  халаалтын улирал эхлэхээс өмнө хотын Ерөнхий менежерээр батлуулж, чанд мөрдөж ажиллахыг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК /Р.Хайдав/, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар   /Ч.Бямбажав /-т тус тус даалгасугай.
 
5. Цаг агаарын урьдчилсан төлөв байдлаар 2013-2014 оны халаалтын улиралд өмнөх жилүүдтэй харьцуулахад хүйтэрч, цас ихээр орох төлөвтэй байгаа тул эх үүсгүүрүүд дээр барих сүлжээний усны температурын график, бусад параметрүүдийг чанд мөрдөж ажиллахыг “Диспетчерийн үндэсний төв” ХХК /Х.Цогтбаатар/-д даалгасугай.
 
6.Инженерийн хангамжийн байгууллагын өөрийн болон хэрэглэгчдийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалтын хэвийн найдвартай ажиллагааг хангуулж ажиллахыг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК /Р.Хайдав/, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК /С.Төмөрхүү/, Ус сувгийн удирдах газар НӨҮГ /С.Үнэн/, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар /Ч.Бямбажав/, Халаалтын зуухны ашиглалт, зохицуулалтын газар /З.Занданпүрэв/ болон тусгай зөвшөөрөл эзэмшигч компани, ОНӨААТҮГ, аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал нарт даалгасугай.
 
7.Энэхүү захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер /Б.Бадрал/-д үүрэг болгосугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
                        САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
                        АСУУДАЛ ХАРИУЦСАН ОРЛОГЧ                                 Н.БАТАА