Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах тухай

2013-09-11 00:00:00
2013 оны 09 сарын 11 өдөр                                                  дугаар А/857                                       Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.1.6 ”л”, 29.2 дахь хэсэг, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3 ,26 дугаар зүйлийн 26.1.1, 27 дугаар зүйлийн 27.1.5, 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.7 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, 10 дугаар хороолол, Спорт цогцолборын баригдаж дуусаагүй барилгын гаднах гэрэлтүүлгийн 4 ширхэг цамхаг нь ойролцоох нийтийн эзэмшил, зам талбай, орон сууц, иргэд зорчигчдын аюулгүй байдал, амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах нөхцөл байдал үүсч болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор гэрэлтүүлгийн цамхагуудыг 2013 оны 9 дүгээр сарын 2 дахь 7 хоногт багтаан мэргэжлийн байгууллагаар буулгах арга хэмжээг зохион байгуулахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Н.Уламбаяр, Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо нарт даалгасугай.
 
2. Цамхаг буулгах ажилд шаардагдах 20 000 000/ хорин сая / төгрөгийг 2013 оны газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэхэд батлагдсан  хөрөнгөнөөс  санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс  /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.
         
3. Цамхаг буулгах ажилд зарцуулагдсан 20 000 000 / хорин сая / төгрөгийг 2013 оны 09 дүгээр сарын 15-ны дотор буцаан төвлөрүүлэхийг Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоод үүрэг болгосугай.
          
4. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад үүрэг болгосугай.
 
 
                       
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                              Э.БАТ-ҮҮЛ