Барилгын ажилд илэрсэн зөрчлийг арилгах, гүйцэтгэлд хяналт тавих тухай

2013-09-10 00:00:00
2013 оны 09 сарын10 өдөр                                             дугаар А/853                                             Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.2, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2,  Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2.5, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5 дэх заалтуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Цахилгааны техникийн нөхцөл аваагүй 15 газрын барилгын жагсаалтыг нэгдүгээр хавсралтаар, Дулааны техникийн нөхцөл аваагүй 16 газрын барилгын жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар, Цэвэр бохир усны техникийн нөхцөл аваагүй 17 газрын барилгын жагсаалтыг гуравдугаар хавсралтаар баталж, байгууламжийн техникийн нөхцөл олгох асуудлыг 2013 оны 10 дугаар сарын 01-ний дотор шийдвэрлэхийг “Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК /С.Төмөрхүү/, “Улаанбаатар Дулааны сүлжээ” ТӨХК /Р.Хайдав/,  Ус сувгийн удирдах газар /С.Үнэн/-нарт тус тус даалгасугай.
 
2.Барилга угсралтын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл аваагүй барилгын ажлыг цахилгаан, дулаан, усаар хангасан албан тушаалтнуудад хариуцлага тооцон арга хэмжээ авч Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хариу мэдэгдэхийг “Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК /С.Төмөрхүү/, “Улаанбаатар Дулааны сүлжээ” ТӨХК /Р.Хайдав/,  Ус сувгийн удирдах газар /С.Үнэн/-нарт тус тус даалгасугай.
 
3. Барилга угсралтын ажлын чанар, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зөрчил гаргасан, баталгаажсан ажлын зураггүй, эрх бүхий байгууллагаас барилга угсралтын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авалгүй барилгын ажил эхэлсэн барилгын байгууламжид улсын байцаагчийн гаргасан шийдвэрийн дагуу цахилгаан, эрчим хүчний хязгаарлалт хийхийг “Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК /С.Төмөрхүү/-т даалгасугай.
 
4.Батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгаваргүй, эскиз зураг болон ерөнхий төлөвлөгөөний зураг батлагдаагүй 10 барилгын жагсаалтыг дөрөвдүгээр хавсралтаар, барилгын зураг төсөлд магадлал хийгдээгүй 16 барилгын жагсаалтыг тавдугаар хавсралтаар тус тус баталж, зөрчлийг арилгуулан эскиз болон ерөнхмй төлөвлөгөөний зургийг зөвшөөрөлцөх ба ажлын зурагт магадлал хийлгүүлж баталгаажуулах  асуудлыг  2013  оны  10  дугаар  сарын  01-ний  дотор  холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэхийг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /Н.Нацагдорж/-т үүрэг болгосугай.
 
5.Дурьдсан хугацаанд зөрчлөө арилгаагүй барилгын ажлыг цахилгаан, дулаан, усаар хангахгүй байхыг “Улаанбаатар Дулааны сүлжээ” ТӨХК /Р.Хайдав/, “Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК
/С.Төмөрхүү/, Ус сувгийн удирдах газар /С.Үнэн/-нарт, Хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлээр нийтэд мэдээлэхийг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэвлэл мэдээлэлийн албанд тус тус даалгасугай.
 
6.Батлагдсан ерөнхий төлөвлөгөөг зөрчиж барилгажих талбайн хэмжээг томруулсан Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Урт цагаан” үйлчилгээний төвийн хойно иргэн Ц.Дагвадоржийн захиалгаар “Сүмбэр цамхаг” ХХК-ий барьж буй үйлчилгээтэй орон сууцны барилга, Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Бямбасүрэнгийн захиалгаар барихаар зохих зөвшөөрөлгүйгээр газар шорооны ажил гүйцэтгэсэн үйлчилгээтэй орон сууцны барилга байгууламжийн угсралтын ажлыг түр хугацаанд зогсоож, анх олгогдсон газрын хэмжээ, батлагдсан зураг төслийн дагуу барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлэхийг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /Н.Нацагдорж/, нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, нийслэлийн Цагдаагийн газар /Д.Батжаргал/, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/-т тус тус үүрэг болгосугай.
 
7.Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт гаражуудын дээр батлагдсан ерөнхий төлөвлөгөө, барилгын зураг төсөлгүй, барилгын норм, дүрмийн шаардлага хангаагүй, дутуу барьсан барилгыг гаражуудын хамт “Нью хакуба” ХХК-ийн зардлаар бүрэн буулгуулах асуудлыг шийдвэрлэхийг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /Н.Нацагдорж/, нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/-т тус тус даалгасугай.
 
8.Зөвшөөрөлгүй барьж байгаа барилгуудыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлах, тухайн барилгуудад иргэд захиалга өгөхгүй байх, хөрөнгө оруулалт, санхүүжилт хийхгүй байх талаар иргэд, банк болон банк бус санхүүгийн байгууллагуудад зарлан мэдээлэхийг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар
/Н.Нацагдорж/, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/-нарт даалгасугай.
 
9.Захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч  С.Очирбатад үүрэг болгосугай.
 
 
 
              
                                  НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                  БӨГӨӨД УЛААНБААТАР
                                  ХОТЫН  ЗАХИРАГЧ                                          Э.БАТ-ҮҮЛ