Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

2021-01-09 09:00:40

2021 оны 01 сарын 09-ний өдөр                                         Дугаар А/06                                          Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн

бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй

холбогдуулан авч хэрэгжүүлэх

зарим арга хэмжээний тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5.”в”, 29.1.6.”ж”, “л”, 29.2, 39 дүгээр зүйл, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэг, Засгийн газрын 2020 оны 238 дугаар тогтоол, Нийслэлийн Онцгой комиссын 2021 оны 01 дүгээр хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг 2021 оны 01 дүгээр сарын 11-ний 06:00 цагаас эхлэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан хязгаарлалтыг хэвээр үргэлжлүүлэх үйл ажиллагааны жагсаалтыг хавсралтаар баталсугай.

 

      2.Нийслэлийн Онцгой комиссын даргын баталсан “Хязгаарлалт тогтоохгүй үйл ажиллагаанд мөрдөх халдвар хамгааллын нийтлэг түр заавар”, “Зарим үйлчилгээнд тавигдах тусгай нөхцөл шаардлага”-ын хэрэгжилтийг удирдлагаар хангаж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/, хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/, нийслэлийн Цагдаагийн удирдах газар /Ш.Цогбаатар/, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

 

      3.Энэ захирамжийн хавсралтад зааснаас бусад худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-22:00 цаг хүртэл хугацаагаар тогтоож, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Цагдаагийн удирдах газар /Ш.Цогбаатар/, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

        

      4.Халдварын тохиолдол бүртгэгдсэн хороо, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн ажиллах горим, үйл ажиллагааны чиглэл, иргэдийн хөдөлгөөний хүрээ, хязгаарыг шуурхай тогтоож, халдвар хамгаалал, хорио цээр, хязгаарлалтыг чанд мөрдүүлж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга, нийслэлийн Эрүүл мэндийн газар /Л.Төмөрбаатар/, нийслэлийн Онцгой байдлын газар /Л.Баярсайхан/, нийслэлийн Цагдаагийн удирдах газар /Ш.Цогбаатар/, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/, Тээврийн Цагдаагийн албаны Замын Цагдаагийн газар /Д.Дашдорж/-т үүрэг болгосугай.

 

    5.Коронавируст /Ковид-19/ халдвар, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн байгууллагын хүн хүчний нөөц бүрдүүлэх, эрсдэлийг бууруулах ажлыг зохион байгуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж ажиллахыг нийслэлийн Эрүүл мэндийн газар /Л.Төмөрбаатар/-т үүрэг болгосугай.

 

      6.“Иргэдийн зорчих хөдөлгөөний мэдээллийг QR код ашиглан бүртгэх систем”-ийг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад дагаж мөрдүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлж, бүртгэлийн мэдээллийг өдөр тутамд нэгтгэн тайлагнаж ажиллахыг Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч /Д.Ихбаяр/, нийслэлийн Мэдээлэл, технологийн газар /О.Чинзориг/, нийслэлийн Цагдаагийн удирдах газар /Ш.Цогбаатар/, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

 

     7.Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 156 дугаар тушаалаар батлагдсан “Хот хоорондын зорчигч, тээвэрлэлтийг зохион байгуулах түр журам”-ын дагуу Улаанбаатар хотын авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын үйл ажиллагааг зохион байгуулж, Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнд хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэнд, мал, амьтны өвс тэжээл тээвэрлэх, оршуулгын үйл ажиллагаанд оролцох иргэдийг PCR шинжилгээний хариуг үндэслэн нэвтрүүлэх, баталгаат бус замын хяналтыг чангатгаж ажиллахыг нийслэлийн Эрүүл мэндийн газар /Л.Төмөрбаатар/, нийслэлийн Онцгой байдлын газар /Л.Баярсайхан/, нийслэлийн Цагдаагийн удирдах газар /Ш.Цогбаатар/, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/, Тээврийн Цагдаагийн албаны Замын Цагдаагийн газар /Д.Дашдорж/, нийслэлийн Мал эмнэлгийн газар /А.Нарантуяа/, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

 

        8.Халдвар хамгаалал, хорио цээр, хязгаарлалтын дэглэмийг баримтлан, үйл ажиллагаагаа тасралтгүй, хэвийн явуулах нөхцөлийг хангаж, нийт ажилтан, албан хаагчдын 30 хүртэлх хувийг ажлын байранд, бусад ажилтан, албан хаагчдыг цахимаар ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж ажиллахыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагуудад зөвлөсүгэй.

 

     9.“Хязгаарлалт тогтоохгүй үйл ажиллагаанд мөрдөх халдвар хамгааллын нийтлэг түр заавар”, “Зарим үйлчилгээнд тавигдах тусгай нөхцөл шаардлага”-ыг нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс /Б.Батманлай/, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

 

      10.Захирамжийн хэрэгжилтийг тухай бүр тайлагнаж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад, хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч /Ж.Сандагсүрэн/-д даалгасугай.

 

         11.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1320 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

                                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                     БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                     ЗАХИРАГЧ                                               Д.СУМЪЯАБАЗАР