Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай

2013-09-03 00:00:00
2013 оны 09 сарын 03 өдөр                                                дугаар А/823                                                    Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.2 дахь хэсэг, Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3, 32.6 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 11/41 дүгээр тогтоолыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:    
           
1.Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/325, 2012 оны А/168, 2013 оны А/160 дугаар захирамжаар Улс болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах “Хүчит шонхор” захын уулзвараас Хувьсгалчдын гудамж 1,7 км авто зам, Дунд гол үйлдвэрийн гудамж, 19 дүгээр хорооллын ард баригдах 4,6 км авто зам, Сонгинохайрхан дүүргийн  3, 26  дугаар хорооны нутаг дэвсгэрт хийгдэж буй Буяны замын 5 км авто замын  трасст орсон иргэдийн өмчлөл, эзэмшлийн газар дээр  байгаа үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын төсвийг хавсралтаар баталсугай.
 
2. Хавсралтад дурьдсан 11 иргэнд олгох нөхөх олговрын 201 323 967/ хоёр зуун нэг сая гурван зуун хорин гурван мянга есөн зуун жаран долоо/ төгрөгийг 2013 оны газар чөлөөлөх, нөхөх олговрын батлагдсан  төсвөөс  санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс  /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.
     
3. Иргэн, хуулийн этгээдийн эзэмшил, өмчлөлийн газар дээр байгаа үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу  тохиролцон байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг  нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
           
4. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт үүрэг болгосугай.                                                                                      
 
 
                       
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                    Э.БАТ-ҮҮЛ