“Урьдчилан цэвэрлэх байгууламж” Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг “Ус сувгийн удирдах газар” Нийслэлийн өмчит үйлдвэрийн газарт нэгтгэх тухай

2013-08-29 00:00:00
2013 оны 08 сарын 29 өдөр                                                дугаар А/810                                                   Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 89 дугаар тогтоолыг үндэслэн тус тус ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.”Урьдчилан цэвэрлэх байгууламж” Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөр тасалбар болгон татан буулгаж, чиг үүрэг, үйл ажиллагаа, хөрөнгийг “Ус сувгийн удирдах газар” Нийслэлийн өмчит үйлдвэрийн газарт шилжүүлэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 
2. ”Урьдчилан цэвэрлэх байгууламж” Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын балансад бүртгэлтэй байгаа хөрөнгийг хүлээн авч, хүлээлгэн өгөх, татан буулгах ажлыг зохион байгуулах комиссыг хавсралт ёсоор баталсугай.
 
3.“Ус сувгийн удирдах газар” Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын дүрмийг шинэчлэн батлуулж, бүтэц орон тоонд холбогдох өөрчлөлт оруулахыг “Ус сувгийн удирдах газар /С.Үнэн/-д үүрэг болгосугай.
 
4.Татан буугдаж байгаа тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлах, байгууллага, хувь хүмүүсийн авлага, өр төлбөрийг тооцоо нийлж актаар баталгаажуулж, байгууллагын хаалтын балансыг 2013 оны 08 дугаар сарын 30-ны дотор гаргаж, хобогдох байгууллагад тушаахыг татан буулгах ажлыг зохион байгуулах комисс /Б.Амаржаргал/, “Урьдчилан цэвэрлэх байгууламж” Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар /Ж.Наранцэцэг/-т тус тус даалгасугай.
 
5.Байгууллагын бичиг баримтыг архивлан нийслэлийн Архивын газарт шилжүүлэхийг “Урьдчилан цэвэрлэх байгууламж” Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар /Ж.Наранцэцэг/-т даалгасугай.
         
7.Дээрх захирамжийн биелэлтийг хангуулан, хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т зөвшөөрсүгэй.
 
 
 
 
                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА                                                                                                      
                          БӨГӨӨД УЛААНБААТАР                                                                                                               
                          ХОТЫН ЗАХИРАГЧ                                                 Э.БАТ-ҮҮЛ