Эрчим хүчний шугам сүлжээний талаар авах зарим арга хэмжээний тухай

2013-08-28 00:00:00
2013 оны 08 сарын 28 өдөр                                                дугаар А/806                                                   Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх, 33 дугаар зүйлийн 33.2 дахь заалт, Засгийн газрын 263 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 6/27 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн дүүргүүдийн нутаг дэвсгэрт байрлах 0,4-35 кВ-ын эрчим хүчний шугам сүлжээний аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвасын байршлын схем зураглалыг нэгдүгээр хавсралтаар, зурвас газрыг хоёрдугаар хавсралтаар тус тус тогтоосугай.
 
2. Дулаан, цахилгааны шугам сүлжээний хамгаалалтын зурвас дотор буусан айл өрх, аж ахуйн нэгж байгууллагыг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж, цаашид хамгаалалтын зурваст газар олгохгүй байх, тогтоогдсон зурвас, байршилд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /Н.Нацагдорж/, нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, нийслэлийн Онцгой байдлын газар /Н.Уламбаяр/, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/ -т үүрэг болгосугай.
 
3. Улаанбаатар хотын цахилгаан хангамжийн мастер төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсэг байгуулан ажиллахыг Хот байгуулалт, хөрөнгө оруулалт хариуцсан орлогч /С.Очирбат/, Дэд бүтэц, зам тээврийн асуудал хариуцсан орлогч /Н.Гантөмөр/ нарт үүрэг болгосугай.
 
4. Хотын төвийн өсөн нэмэгдэж буй цахилгааны хэрэглээг хангахын тулд 2014 онд хотын төвд шинээр барих 35 кВ-ын дэд станц болон хуваарилах байгууламжийн газрыг яаралтай шийдвэрлэхийг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /Н.Нацагдорж/-т, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т  тус тус  даалгасугай.
 
5. Улаанбаатар хотын 2013-2014 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хэт ачаалагдсан гэр хорооллын цахилгааны 40 дэд өртөөний шинэчлэлтийн ажилд шаардлагатай 1,883.5 сая /нэг тэрбум найман зуун наян гурван сая таван зуун мянга/ төгрөг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын арын Дунд голын авто замын ажилтай уялдуулж дулааны 3г магистраль шугамыг авто зам доогуур оруулахад шаардлагатай 300.0 сая /гурван зуун/ төгрөгийг  нийслэлийн   төсвөөс   2013   онд  хэрэгжүүлэх  Гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох ажлын хөрөнгөөс тус тус зарцуулахыг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад, ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.
 
6. Гэр хорооллын цахилгааны 40 дэд өртөөний шинэчлэлтийн ажлыг  холбогдох хууль тогтоомжинд нийцүүлэн зохион байгуулж хэрэгжүүлэх, шинэчлэлтийн ажлын санхүүжилт 1,883.5 сая  төгрөгийн хөрөнгийг 2014-2015 онд нийслэлд хэрэгжүүлэх цахилгаан эрчим хүчний угсралтын ажлыг өөрийн хүн хүч, машин механизм, тоног төхөөрөмжөөр хийж гүйцэтгэх хэлбэрээр  буцаан төлөхийг УБЦТС ТӨХК /С.Төмөрхүү/-д, ажлыг хугацаанд нь гүйцэтгүүлж, хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралд үүрэг болгосугай.
 
 7. Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын арын Дунд голын авто замын ажилтай уялдуулж дулааны 3г магистраль шугамыг авто зам доогуур оруулах ажлыг холбогдох хууль тогтоомжинд нийцүүлэн зохион байгуулж, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Авто замын газар /Д.Нанзаддорж/-т даалгасугай.
 
 
 
 
 
                                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                     БӨГӨӨД УЛААНБААТАР
                                     ХОТЫН ЗАХИРАГЧ                                                    Э.БАТ-ҮҮЛ