Газрын зөрчил арилгах, орчны аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээний тухай

2020-09-03 09:10:01

2020 оны 09 сарын 03-ны өдөр                                       Дугаар А/1097                                         Улаанбаатар хот

 

 

 

 

Газрын зөрчил арилгах, орчны аюулгүй

       байдлыг хангах талаар авах арга

      хэмжээний тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн “л”, 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.1, 30.1.5, 39 дүгээр зүйлийн 39.1, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.5, 20 дугаар зүйлийн 20.2.2 дахь заалт, 23 дугаар зүйлийн 23.3.5, 27 дугаар зүйлийн 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 30, 2019 оны 29/33 дугаар тогтоол, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 2.5.11, Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/133 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 
    1.Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор хийгдэж буй орчны аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээг эрчимжүүлж, зөрчил арилгах, газар чөлөөлөх байршлуудыг хавсралт ёсоор баталсугай.

 

     2.Энэ захирамж гарсантай холбогдуулан дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг доор дурдсан байгууллага, албан тушаалтнуудад даалгасугай.

 

      2.1.Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай дахь орц гарц, явган хүний замыг хааж, хөдөлгөөнд саад учруулж байгаа хавсралтад дурдсан байршлуудад орчны аюулгүй байдлыг хангах, зөрчил арилгах, газар чөлөөлөх ажлыг зохих журмын дагуу зохион байгуулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд,

 

      2.2.Газар чөлөөлөх ажилд дэмжлэг үзүүлж, хэв журам сахиулж ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн удирдах газар /Ш.Цогбаатар/-т,

 

      2.3.Газрын зөрчил арилгах, газар чөлөөлөхөөр батлагдсан байршлуудын гудамж тус бүрд авто зам, явган хүний зам, тохижилтын нэгдсэн зураг төслийг боловсруулж, батлан, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар /Ц.Тулга/-т,

     

       2.4.Тохижилтын ажлыг зохих журмын дагуу зохион байгуулахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/-нд,

 

      2.5.Зөрчил арилгах, газар чөлөөлөхөөр тусгагдсан байршлуудад хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, дүгнэлт гарган, холбогдох арга хэмжээ авахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т,

           

      2.6.Газрын зөрчил арилгах арга хэмжээг дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хариуцан зохион байгуулах үүрэг бүхий салбар “Ажлын хэсэг”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлж, нэгдсэн удирдлагаар хангах, газар чөлөөлөх, зөрчил арилгах ажилд шаардлагатай шийдвэрүүдийг тухай бүр гаргаж, шуурхай зохион байгуулалт хийх, чөлөөлөгдсөн нийтийн эдэлбэрийн газруудын хамгаалалт, арчилгааг хариуцаж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

 

     3.Энэ ажлын хүрээнд газар чөлөөлөхөд шаардагдах хөрөнгийг газрын хянан баталгааны зардал болон холбогдох бусад эх үүсвэрээс тухай бүрд гарсан шийдвэрийг үндэслэн санхүүжүүлж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Н.Хулан/-т зөвшөөрсүгэй.

 

 

 

 

 

 

 

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                        ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ

                        ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР

                        ОРЛОГЧ                                       Ж.БАТБАЯСГАЛАН