Иргэдийн эрүүл мэндийн талаар авах зарим арга хэмжээний тухай

2020-04-16 09:25:23

2020 оны 04 сарын 16-ны өдөр                                        Дугаар А/521                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Иргэдийн эрүүл мэндийн талаар авах

зарим арга хэмжээний тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5.в, 29.1.6.г, ж, л, 29.2, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Дэлхий нийтэд тархаж байгаа шинэ төрлийн Коронавируст /COVID-19/ халдвараас сэргийлэх ажлыг эрчимжүүлэхийн зэрэгцээ, улс, нийслэлийн эдийн засаг, хувийн хэвшлийн байгууллага, ажиллагсдын үйл ажиллагааг дэмжих талаар Засгийн газраас өгсөн үүрэг чиглэл, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын санал, хүсэлтийг судалсны үндсэн дээр Нийслэлийн нутаг дэвсгэрт стандартын шаардлага хангасан амралтын газар, жуулчны бааз, буудал, саун, фитнес, иогийн клубийн үйл ажиллагааг нээхийг зөвшөөрсүгэй.

 

      2.Үйлчлүүлж буй иргэд болон ажиллагсдын биеийн халууныг үзэж нэвтрүүлэх, гар ариутгах, амны хаалтын хэрэглээг хэвшүүлэх, халдваргүйжүүлэлтийг 2 цаг тутам хийлгэж, иргэд, үйлчлүүлэгсдийг олноор нэг дор байршуулахгүйгээр цагийн болон хоорондын зайн зохицуулалтыг хийж, холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргасан зөвлөмж шаардлага, стандартыг хатуу мөрдөж ажиллахыг энэ захирамжийн 1-т заасан байгууллага, аж ахуй нэгжид даалгасугай.

 

     3.Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Р.Батрагчаа/, Нийслэлийн Эрүүл мэндийн газар /Л.Төмөрбаатар/, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/, Нийслэлийн Аялал жуулчлалын газар /С.Батбаатар/, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар /Д.Ядамдорж/, Нийслэлийн Онцгой байдлын газар /Ж.Чүлтэмсүрэн/, Нийслэлийн Биеийн тамир, спортын хороо /Ж.Ганболд/, дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

 

       4.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/436 дугаар захирамжийн 1 дүгээр зүйлийн 1.1-т заасан “амралтын газар”, “жуулчны бааз”, “дэн буудал”, “саун”, “фитнес”,“иогийн клуб” гэснийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                                                       НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                       БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                       ХОТЫН ЗАХИРАГЧ                           С.АМАРСАЙХАН