Газрын зөрчил арилгах, орчны аюулгүй байдлыг хангах, дугуйн замын трассыг чөлөөлөх талаар авах зарим арга хэмжээний тухай

2020-04-14 09:30:29

2020 оны 04 сарын 14-ны өдөр                                     Дугаар А/513                                           Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Газрын зөрчил арилгах, орчны аюулгүй

байдлыг хангах, дугуйн замын трассыг

чөлөөлөх талаар авах зарим арга

хэмжээний тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн “л”, 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.1, 30.1.5, 39 дүгээр зүйлийн 39.1, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.5, 20 дугаар зүйлийн 20.2.2 дахь заалт, 23 дугаар зүйлийн 23.3.5, 27 дугаар зүйлийн 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 30, 2019 оны 29/33 дугаар тогтоол, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 2.5.11, Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/133 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 
     1.Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор хийгдэж буй орчны аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээг эрчимжүүлж, зөрчил арилгах, газар чөлөөлөх байршлуудыг нэгдүгээр, “Гудамж, дугуйн зам” дэд хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр баригдах 8 чиглэлийн “Дугуйн зам”-ын трасст өртсөн барилга, байгууламж, төрөл бүрийн зөөврийн байгууламж, хашаа хайс, хаалтыг чөлөөлөх байршлуудыг хоёрдугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

 

      2.Энэ захирамж гарсантай холбогдуулан дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг доор дурдсан байгууллага, албан тушаалтнуудад даалгасугай:

 

      2.1.Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай дахь орц гарц, “Дугуйн зам”, явган хүний замыг хааж, хөдөлгөөнд саад учруулж байгаа хавсралтуудад дурдсан байршлуудад орчны аюулгүй байдлыг хангах, зөрчил арилгах, газар чөлөөлөх ажлыг зохих журмын дагуу зохион байгуулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд;

 

      2.2.Газар чөлөөлөх ажилд дэмжлэг үзүүлж, хэв журам сахиулж ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн удирдах газар /Д.Ядамдорж/-т;

 

       2.3.Газрын зөрчил арилгах, газар чөлөөлөхөөр батлагдсан байршлуудын гудамж тус бүрт авто зам, явган хүний зам, тохижилтын нэгдсэн зураг төслийг боловсруулж, батлан, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар /Б.Ууганбаяр/-т;

 

        2.4.Тохижилтын ажлыг зохих журмын дагуу зохион байгуулахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/-нд;

 

      2.5.Зөрчил арилгах, газар чөлөөлөхөөр тусгагдсан байршлуудад хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, дүгнэлт гарган, холбогдох арга хэмжээ авахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т;

 

       2.6.Газрын зөрчил арилгах арга хэмжээг дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хариуцан зохион байгуулах үүрэг бүхий салбар “Ажлын хэсэг”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлж, нэгдсэн удирдлагаар хангах, газар чөлөөлөх, зөрчил арилгах ажилд шаардлагатай шийдвэрүүдийг тухай бүр гаргаж, шуурхай зохион байгуулалт хийх, чөлөөлөгдсөн нийтийн эдэлбэрийн газруудын хамгаалалт, арчилгааг хариуцаж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

 

      3.Энэ ажлын хүрээнд газар чөлөөлөхөд шаардагдах хөрөнгийг газрын хянан баталгааны зардал болон холбогдох бусад эх үүсвэрээс тухай бүрт гарсан шийдвэрийг үндэслэн санхүүжүүлж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

     4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагайд үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

 

 

                                       НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                       БӨГӨӨД УЛААНБААТАР

                                       ХОТЫН ЗАХИРАГЧ                          С.АМАРСАЙХАН