Цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх талаар хэрэгжүүлэх арга хэмжээний тухай

2020-04-03 09:00:14

2020 оны 04 сарын 03-ны өдөр                                            Дугаар А/453                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

Цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх

талаар хэрэгжүүлэх арга хэмжээний тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Засгийн газрын 2017 оны 111 дүгээр тогтоолоор баталсан “Цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх нийтлэг журам”, Улсын Онцгой комиссын 2020 оны 01 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Шинэ төрлийн коронавирус /Ковид-19/-ын халдварт цар тахалын аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, биечилсэн харилцааг багасгах, цаасан албан бичгийн харилцааг тоон гарын үсгээр баталгаажсан цахим албан бичгийн хэрэглээнд шилжүүлэх зорилгоор иргэн, хуулийн этгээдээс цаасан суурьтай  бичиг хүлээн авахгүй байх талаарх зохицуулалтыг 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн зохион байгуулж, нийслэлийн нэгдсэн “UB ERP” системийг хуулийн этгээдүүдэд таниулан мэдээлж хэрэглээнд хэвшүүлэхийг нийслэлийн харьяа бүх шатны байгууллагуудын удирдлагуудад үүрэг болгосугай.

 

    2.Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан бичгийг цахимаар хүлээн авах, бүртгэх үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Архивын газар /Б.Баатархүү/-т, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дотоод удирдлагын  системийн хэвийн найдвартай ажиллагааг хангаж ажиллахыг Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар /О.Чинзориг/-т тус тус үүрэг болгосугай. 

 

     3.Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар  /Р.Батрагчаа/-т үүрэг болгосугай. 

 

 

 

 

 

 

                                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА 

                                                    БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                    ХОТЫН ЗАХИРАГЧ                  С.АМАРСАЙХАН