Нийслэлд хүн амын хэт төвлөрөл бий болох, ажил эрхлэлт, нийтийн үйлчилгээ, тээвэр, холбооны хэвийн ачаалал алдагдахаас сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай

2013-07-30 00:00:00
2013 оны 07 сарын 30 өдөр                                           дугаар А/726                                               Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын “б”, ”г”, 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.5, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.5.3, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5, 21 дүгээр зүйлийн 21.1.1, 21.1.2, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3.2 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг батлах тухай” 2013 оны 23, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын байршил, хэмжээг тогтоох тухай” 2013 оны 10/39 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлд хүн амын хэт төвлөрөл бий болох, дэд бүтцийн салбарын хэвийн ажиллагаа алдагдахаас урьдчилан сэргийлж, дараахи арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /Н.Нацагдорж/, нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК /С.Төмөрхүү/, “Улаанбаатар Дулааны сүлжээ” ТӨХК /Р.Хайдав/,  Ус сувгийн удирдах газар /С.Үнэн/, дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

1.1.Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10/39 дугаар тогтоолоор иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх газрын хэмжээ, байршлыг баталсан 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс хойш орон нутгаас нийслэлд шилжин суурьшсан иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрх олгох асуудлыг нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж дуусах хүртэлх хугацаанд түр зогсоох;
           
1.2.Инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдаагүй байршилд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэх эрх олгохгүй байх;
           
1.3.Шинэ суурьшлын бүсэд иргэд зөвшөөрөлгүй суурьшихаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих, зөвшөөрөлгүй суурьшсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Газрын тухай хууль тогтоомжид заасны дагуу тухай бүр хариуцлага тооцож газар чөлөөлөх ажил тогтмол зохион байгуулж байх;
 
1.4.Суурьшлын бүсийн төлөвлөлт хийгдээгүй газарт инженерийн шугам сүлжээ, барилга байгууламж барихгүй байх, зөвшөөрөлгүй суурьшсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг ус, цахилгаан, дулааны эх үүсвэрээр хангахгүй байх, энэ талаар нийтэд мэдээлж, хяналт тавих.
 
2.Иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн 52 байршилд 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдөр буюу Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 10/39 дугаар тогтоолоор иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршлыг баталсан өдрөөс өмнө орон нутгаас нийслэлд бүр мөсөн шилжин суурьшихаар бүртгэгдсэн, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчилж аваагүй Монгол улсын иргэнд холбогдох хууль тогтоомжийн дагуу газар өмчлүүлэх ажил зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 
3.Ойрын 5 жилийн хугацаанд нийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэ төлбөргүйгээр эзэмшүүлэх, өмчлүүлэх газрын болон шинэ суурьшлын бүс бий болгох, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх газрын байршлыг тогтоох асуудлыг тухай бүр нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар шийдвэрлүүлэх, нийтэд мэдээлэх ажил тогтмол зохион байгуулахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /Н.Нацагдорж/, нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай. 
 
4.Шинэ суурьшлын бүс бий болгохоор газрын нөөцийн судалгаа хийгдэж байгаа болон нөөц тогтоогдсон байршилд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд газар эзэмшүүлж, өмчлүүлэх хүртэл хугацаанд мод үржүүлгийн зориулалтаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад түр хугацаагаар ашиглуулан газрыг хамгаалах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 
5.Нийслэлийн иргэдийг ипотекийн зээлд хамрагдах боломжийг нь хангах замаар орон сууцжуулах, гэр хорооллыг дахин төлөвлөх төсөл хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж нийслэлд бүртгэлтэй иргэнийг байнгын болон түр ажлын байраар тэргүүн ээлжинд хангаж ажиллахыг нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төр, олон нийтийн байгууллага, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад зөвлөж, хэрэгжүүлж ажилласан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих, урамшуулах хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, нийтэд тогтмол мэдээлж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч /Ц.Буяндалай/-д даалгасугай.
 
6.Захирамжийн биелэлтэд хяналт тавьж  ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч  /С.Очирбат/-д үүрэг болгосугай.
 
 
 
            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
            БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
            ЗАХИРАГЧ                                                   Э.БАТ-ҮҮЛ