Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай

2020-03-18 09:00:06

2020 оны 03 сарын 18-ны өдөр                                          Дугаар А/369                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн

төвийн үйл ажиллагааны талаар авах

зарим арга хэмжээний тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 “а”, 29.2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 10 дугаар зарлиг, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 30 дугаар тогтоол, Нийслэлийн Онцгой комиссын 2020 оны 8 дугаар хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Шинэ коронавирус /COVID-19/-ийн халдварын эрсдэлийг бууруулах, тархалт үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв /Дүнжингарав, Мишээл, Драгон, Оргил/-ийн ажлын цагийн хуваарийг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 10:00-16:00 цаг болгон өөрчилсүгэй.

 

     2.Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулсантай холбогдуулан зохион байгуулалтын арга хэмжээг авч, төрийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд тасралтгүй, шуурхай, чанартай үзүүлэхийг Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв /Б.Ууганбат/-д, нэгдсэн төвөөс иргэн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг үзүүлж буй нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудад тус тус үүрэг болгосугай.  

 

     3.Энэ зохицуулалтад хамрагдаж байгаа ажилтнуудын албан үүргийг бүрэн гүйцэтгүүлж, цалин хөлсийг ажилласанд тооцож олгохыг байгууллагын удирдлагуудад үүрэг болгосугай.

 

      4.Төрийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд цахим хэлбэрээр үзүүлэхийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудад, төрийн үйлчилгээний цахим портал www.eservice.ulaanbaatar.mn системийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахыг Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар /О.Чинзориг/-т тус тус үүрэг болгосугай.

 

      5.Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн ажлын цагийн хуваарьт оруулсан дээрх өөрчлөлт болон цахим хэлбэрээр үзүүлж буй төрийн үйлчилгээний талаарх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах хэлтэс /Ц.Мөнхбаатар/-т үүрэг болгосугай. 

 

       6.Иргэн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг үзүүлж буй албан хаагчдыг амны хаалт, нэг удаагийн бээлий, гар ариутгагчаар хангаж, үйлчилгээний нэгдсэн төвүүдийн талбайг ариутгал, халдваргүйжүүлэхэд шаардагдах хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэхийг Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв /Б.Ууганбат/-д үүрэг болгосугай.

 

       7.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Р.Батрагчаа/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

 

 

                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                           БӨГӨӨД УЛААНБААТАР

                                           ХОТЫН ЗАХИРАГЧ                       С.АМАРСАЙХАН