Мал, амьтны гоц халдварт болон халдварт, шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай

2020-03-16 09:00:39

2020 оны 03 сарын 16-ны өдөр                                          Дугаар А/359                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Мал, амьтны гоц халдварт болон халдварт,

шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх

зарим арга хэмжээний тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын “а”, 29.2, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 6 дугаар зүйл, 34 дүгээр зүйлийн 34.2.2.1, 34.2.4, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2020 оны А/43 дугаар “Дархлаажуулалтын төлөвлөгөө батлах тухай” тушаал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 14/05, 2019 оны 9/36 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа мал, амьтныг 2020 онд хийх халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөөг нэгдүгээр, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөөг  хоёрдугаар, шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх төлөвлөгөөг гуравдугаар, лабораторийн шинжилгээний төлөвлөгөөг дөрөвдүгээр, халдваргүйжүүлэлтийн төлөвлөгөөг тавдугаар, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамруулах мал, амьтны тоо, үйлчилгээний хөлс, вакцины үнийг зургаадугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

 

      2.Дүүргийн Засаг дарга нарт даалгах нь:

 

      2.1.Харьяа дүүргийн нутаг дэвсгэрт байгаа мал, амьтныг халдварт, шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, тарилга, вакцинжуулалт, угаалга, туулгалт, боловсруулалт, шинжилгээ, ариутгал халдваргүйтгэлийн төлөвлөгөөт ажлыг орон нутагтаа товлосон хугацаанд зохион байгуулах, тээврийн хэрэгсэл, шатахуун болон шаардагдах бусад хөрөнгийг холбогдох зардлаас гаргах;

 

      2.2.Энэ захирамжийн 2.1-д заасан арга хэмжээнд малчид, мал бүхий иргэд, орон нутгийн байгууллагуудыг идэвхтэй оролцуулах;

 

       2.3.Мал, амьтны халдварт өвчин гарах эрсдэл ихтэй байгааг харгалзан мал, амьтны шилжилт хөдөлгөөнд тавих хяналтыг сайжруулах, хориглосон бүсээс гаргах, мал аж ахуйн хашаа, хороо, тоног хэрэгсэл болон түүхий эд, хүнсний бүтээгдэхүүнээр худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг газруудад мэргэжлийн байгууллагаар халдваргүйжүүлэлт хийлгэх ажлыг зохион байгуулах.

 

      3.Нийслэл хотод мал, амьтныг халдварт, шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, шинжилгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг зохион байгуулж, шаардагдах биобэлдмэл, вакцин, эм урвалжийг хугацаанд нь орон нутагт хүргэж, мэргэжлийн удирдлагаар хангаж, ажлын явцад хяналт тавьж ажиллахыг  Нийслэлийн Мал эмнэлгийн газар /А.Нарантуяа/-т үүрэг болгосугай.

 

       4.Мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний үйлчилгээний хөлсөнд шаардагдах 227 880 000 төгрөгийг Нийслэлийн 2020 оны төсөвт тусгасан орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс /Н.Отгонбаяр/-т, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд шаардагдах вакцины үнэ 74 709 000 төгрөгийг Нийслэлийн 2020 оны төсөвт тусгагдсан холбогдох урсгал зардлаас санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т тус тус зөвшөөрсүгэй.

 

      5.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Р.Батрагчаа/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР

                                               ХОТЫН ЗАХИРАГЧ                        С.АМАРСАЙХАН