Өндөржүүлсэн бэлэн байдлын үед авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

2020-02-13 09:00:46

2020 оны 02 сарын 13-ны өдөр                                       Дугаар А/191                                          Улаанбаатар  хот

 

 

 

 

 

 

 

 

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед авч

хэрэгжүүлэх зарим арга хэмжээний  тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 а, 29.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 10 дугаар зарлиг, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 30, 39, 62 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын 2020 оны 01 дүгээр тогтоол, 1, 2, 3, 4 дүгээр хурлын тэмдэглэл, Нийслэлийн Онцгой комиссын 2, 3 дугаар, “Ажлын хэсэг”-ийн 1 дүгээр хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр гарсан шийдвэрийг цаг алдалгүй шуурхай хэрэгжүүлэх “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний удирдамж”-ийг нэгдүгээр, “Шинэ коронавирусийн халдвар, Шувууны томуу өвчнөөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний салбар дундын төлөвлөгөө”-г хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

      2.Дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг холбогдох байгууллагын албан тушаалтанд үүрэг болгосугай.

 

       2.1.Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллах үед авч хэрэгжүүлэх төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулж, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан арга хэмжээг хэрэгжүүлж, халдварт өвчнөөс хүн амыг урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг нутгийн захиргааны нийт байгууллагуудын дарга нарт; 

 

       2.2.Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлэн, хариуцлагатай эргүүл жижүүр томилон ажиллуулахыг дүүргийн Засаг дарга, нутгийн захиргааны байгууллагын болон бусад аж ахуйн нэгж, байгууллагын дарга, удирдах албан тушаалтанд;

 

      2.3.Томуу, томуу төст өвчний тархалт, шинэ коронавирусийн халдвар, шувууны томуу өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг  иргэд олон нийтэд хүргэх, бодит үнэн зөв мэдээллээр хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс /Ц.Мөнхбаатар/-т;

 

 

      3.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулж нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгаланд даалгасугай.

 

 

 

 

 

 

                                                   НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                   БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                   ХОТЫН ЗАХИРАГЧ                        С.АМАРСАЙХАН