Уриалга гаргах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах тухай

2020-02-07 09:00:28

2020 оны 02 сарын 07-ны өдөр                                    Дугаар А/168                                              Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Уриалга гаргах, халдварт өвчнөөс

урьдчилан сэргийлэх арга

хэмжээ авах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.6, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 30 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Шинэ коронавирусын халдвар болон Олон улсын эрүүл мэндийн дүрмээр зохицуулагддаг бусад халдварт өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс гудамж, зам талбай, нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газар, орон сууцны орчны газарт нус, цэр, шүлсээ хаяхгүй байх, ил задгай бие засах болон хог хаягдлаар орчноо бохирдуулахгүй байх үүргээ биелүүлэхийг Нийслэл хотын иргэн бүрд уриалсугай.

 

      2.Эрүүл ахуйн тухай хуулийн 20.1.8-д заасны дагуу хориглогдсон дээрх заалтын хэрэгжилтэд хяналт тавьж, Зөрчлийн тухай хуулиар олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явсан иргэнд хариуцлага тооцож ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн удирдах газар /Д.Ядамдорж/, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т даалгасугай.

 

      3.Хог хаягдлын тухай хуулийн 10.2.10-д заасны дагуу орчны 50м хүртэлх газрын цас, мөс, хог, хаягдлыг цэвэрлэж, Эрүүл ахуйн тухай хуулийн 7.5-д заасны дагуу ариун цэврийн өрөөг иргэнд чөлөөтэй, үнэ төлбөргүйгээр ашиглуулахыг өмчийн хэлбэрийг үл хамааран нийслэл хотод үйл ажиллагаа эрхэлж байгаа бүх аж ахуйн нэгж байгууллагад үүрэг болгосугай. 

 

       4.Орчны газраа цэвэрлээгүй, ариун цэврийн өрөөгөө үнэ төлбөргүй хэрэглүүлэхээс татгалзсан аж ахуйн нэгж байгууллагад Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцож, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах тухай саналыг танилцуулахыг нийт нутгийн захиргааны байгууллагын удирдлагад даалгасугай.

 

 

 

 

 

 

                                                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                     БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                     ХОТЫН ЗАХИРАГЧ                                   С.АМАРСАЙХАН