Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр төвлөрүүлэх зарим арга хэмжээний тухай

2020-01-10 09:00:20

2020 оны 01 сарын 10-ны өдөр                                         Дугаар А/15                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Автотээврийн болон өөрөө явагч

хэрэгслийн албан татвар, агаарын

бохирдлын төлбөр, авто зам ашигласны

төлбөр төвлөрүүлэх  зарим арга

хэмжээний тухай

 

           

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, Авто замын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3,  25 дугаар зүйлийн 25.2.5, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны “Нийслэлийн 2020 оны төсөв батлах тухай” 9/35 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлд автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр /цаашид албан татвар, төлбөр гэх/ хураах, автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн техникийн үзлэг, татварын хяналт шалгалтыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Комиссын бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

 

      2.Нийслэлд бүртгэлтэй бүх төрлийн автотээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 06 дугаар сарын 01-ний өдрийн хооронд зохион байгуулж, орлогыг төсөвт төвлөрүүлэн ажиллах, албан татвар, төлбөрөө төлөөгүй автотээврийн хэрэгсэл эзэмшиж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дутуу төлөлтийг хураан барагдуулах, хариуцлага тооцох хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, дүнг тухай бүр танилцуулж байхыг Комисс /Т.Гантөмөр/-т даалгасугай.

           

       3.Дараах арга хэмжээ авч ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт даалгасугай:

 

      3.1.Албан татвар, төлбөр хураах ажлыг нутаг дэвсгэрийн зарчмаар зохион байгуулан, тухайн нутаг дэвсгэрт автотээврийн хэрэгсэл эзэмшиж буй иргэн аж ахуйн нэгж, байгууллагыг бүрэн хамруулж, өмнөх жилийн хамрагдалтын түвшинг нэмэгдүүлэн, шинэлэг хэлбэрээр зохион байгуулах;

 

      3.2.Албан татвар, төлбөр хураах ажлыг дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу Засаг даргын дэргэдэх хэлтэс болон харьяа байгууллагатай хамтран /тухайлбал: Тээврийн болон Цагдаагийн хэлтэс, хороод, Автотээврийн үндэсний төвийн салбар, банкны байгууллага түүнчлэн холбогдох бусад байгууллага/ Татварын хэлтэс хуулийн хугацаанд зохион байгуулах;

 

       3.3.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын албан татвар, төлбөрийг хуулийн хугацаанд Нийслэлийн авто замын сангийн дансанд төвлөрүүлэх, Нийслэл хотын 2020 оны төсвийн орлогын төлөвлөгөөний сарын хуваарийг мөрдөж ажиллах;

 

      3.4.Албан татвар, төлбөр хураахтай холбогдсон мэдээлэл, тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээ “smartcar.mn”, татварын удирдлагын нэгдсэн систем “e-tax.mta.mn, itax.mta.mn” систем, “и-баримт” гар утасны аппликэйшн, гэрэгэ киоск, пос терминал төхөөрөмж ашиглан албан татвар, төлбөрөө төлөх талаар зар сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийтэд түгээх,  сурталчлах ажлыг зохион байгуулах;

 

        4.Дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг доор дурдсан байгууллага,  албан тушаалтнуудад даалгасугай:

 

      4.1.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 28 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлд автотээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын 3.4-т заасны дагуу автотээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг зохион байгуулж,  тухайн сардаа албан татвар, төлбөр төлөөгүй автотээврийн хэрэгсэлд хяналт тавьж, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Татварын газар /Г.Энхжаргал/, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дарга /Цагдаагийн хурандаа Д.Дашдорж/-д;

 

     4.2.Тухайн сардаа албан татвар, төлбөрөө төлөөгүй, техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй замын хөдөлгөөнд оролцож байгаа автотээврийн хэрэгслийг камерын тусламжтайгаар илрүүлж, хууль тогтоомжийн дагуу торгуулийн мэдэгдэх хуудас хүргүүлэн, холбогдох газруудыг мэдээллээр хангаж хамтран ажиллахыг Замын хөдөлгөөний удирдлагын төв /Д.Одбаяр/, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дарга /Цагдаагийн хурандаа Д.Дашдорж/-д;

 

       4.3.Нийслэлийн төр, захиргааны болон нийтийн тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгж, байгууллагын албан татвар, төлбөрийг хуулийн хугацаанд Нийслэлийн авто замын сангийн дансанд төвлөрүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, Нийслэлийн Татварын газар /Г.Энхжаргал/, Нийтийн Тээврийн үйлчилгээний газар /Ч.Сайханбаяр/-т;

 

       4.4.Албан татвар, төлбөр хураах ажлыг зохион байгуулахад шаардагдах зардлыг 2020 оны Нийслэлийн авто замын сангийн төлөвлөгөөнд батлагдсан эх үүсвэрээс санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээ “smartcar.mn” систем, татварын удирдлагын нэгдсэн систем “e-tax.mta.mn, itax.mta.mn”, “и-баримт” гар утасны аппликэйшн,  гэрэгэ киоск, пос терминал төхөөрөмж ашиглан албан татвар, төлбөр төлөх талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, сурталчлахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс /Ц.Мөнхбаатар/-т;

 

      4.5.Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах, төвлөрсөн үйлчилгээг тогтмол ажиллуулж байхыг Нийслэлийн Татварын газар /Г.Энхжаргал/, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Р.Батрагчаа/-т тус тус;

 

       5.Нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслийн шилжих хөдөлгөөнийг албан татвар, төлбөр төлснийг үндэслэн шилжүүлж, техникийн хяналтын үзлэг оношилгоонд хамруулж ажиллахыг Автотээврийн үндэсний төв /Б.Гүрсоронзон/-д тус тус зөвлөсүгэй.           

 

       6.Энэ захирамж гарсантай холбогдуулан ”Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах талаар авах зарим арга хэмжээний тухай” Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/15 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

 

                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                           БӨГӨӨД УЛААНБААТАР

                                           ХОТЫН ЗАХИРАГЧ                             С.АМАРСАЙХАН