Захирамжийн хавсралтад өөрчлөлт оруулж, бүтэц, орон тоог шинэчлэх тухай

2020-01-07 09:15:44

2020 оны 01 сарын 07-ны өдөр                                            Дугаар А/10                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Захирамжийн хавсралтад өөрчлөлт

оруулж, бүтэц, орон тоог шинэчлэх тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны “Төрийн үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай” 149 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдийг байгуулах тухай” А/1239 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

     1.Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдийг шинээр байгуулж, төрийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд оператор хэлбэрээр үзүүлэх болсонтой холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан тушаалын жагсаалт батлах тухай” А/249 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтаар баталсан Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн албан тушаалын жагсаалтыг шинэчилж, орон тооны хязгаарыг 85 байхаар тогтоосугай.

 

      2.Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 24 гэрээт ажилтны орон тоог Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн бүтэц, орон тоонд шилжүүлсүгэй.

 

      3.Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн ажилтнуудын албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн баталж, ажилтнуудыг зохих журмын дагуу чөлөөлөх, томилох ажлыг зохион байгуулан ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Р.Батрагчаа/-т, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, холбогдох дүрэм, журам, стандартын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв /Б.Ууганбат/-д тус тус үүрэг болгосугай. 

 

      4.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2016 оны “Орон тооны хязгаар батлах тухай” А/800 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан тушаалын жагсаалт батлах тухай” А/249 дүгээр захирамжийн Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвтэй холбогдох албан тушаалын жагсаалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай. 

 

 

 

 

 

 

                                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                     БӨГӨӨД УЛААНБААТАР

                                     ХОТЫН ЗАХИРАГЧ                               С.АМАРСАЙХАН